Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурлаа www.itoim.mn
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын бүтээмжийн эрч саарч, уул уурхайн уналт салбарын нийт үзүүлэлтийг хойш татаж байна. 2025 оны эхний таван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 15.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.6 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн жилүүдийн тогтвортой өсөлтийн хандлагатай харьцуулахад анхаарал татах үзүүлэлт болж байна.
Үйлдвэрлэлийн бууралтад хамгийн их нөлөөлсөн нь уул уурхай, олборлох салбар бөгөөд уг салбарын нийт үйлдвэрлэл 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 553.4 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар багассан байна. Тодруулбал, чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 1.7 их наяд төгрөгөөр (23.7%) буурч, газрын тосны олборлолт ч мөн 73 тэрбум төгрөгөөр (14.9%) хорогдсон нь үйлдвэрлэлийн уналтыг дагуулжээ.
Үүнээс гадна аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүн 2025 оны эхний таван сарын байдлаар 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 5.7 хувиар буурсан байна. Борлуулалтын бууралтад уул уурхай, олборлох салбар голлох нөлөө үзүүлж, тус салбарын орлого 1.8 их наяд төгрөгөөр (10.8%) багасжээ.
Энэхүү үзүүлэлтүүд нь уул уурхайн салбар дахь гадаад, дотоод зах зээлийн эрэлт, үнэ ханшийн савлагаа, экспортын саатал зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр аж үйлдвэрийн салбарын эрч саарч буйг харуулж байна.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-06-23