Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ www.eagle.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурсан юм. Уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмын дагуу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээний үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхолд нийцнэ гэдэгт санал нэгдэж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирлоо.
Энэ хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр хамтран ажиллана. Мөн уул уурхайн хамтын ажиллагааны үндсийг тавьж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх бөгөөд хамтын ажиллагаа нь технологийн хөгжил болон уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлд хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсад Узбекистаны тэргүүн туршлагыг ашиглан ургамлын сортуудыг сонгож 5,000 суулгацыг шилжүүлэн суулгаж, загасны аж ахуй болон зөгий үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллана. Мөн цөлжилт, газрын доройтол, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөлт зүйлс, еко-системийг хамгаалах, байгаль хамгааллын боловсрол зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Нийтэлсэн огноо2025-06-25