Улаанбуудайг гаалийн албан татвараас чөлөөлснөөр тариалалт 40 хувиар буурчээ www.news.mn
Монгол Улс энэ онд улсын хэмжээнд 360 мянган га-д үр тариа тарьсан. Үүнээс 310 мянган га-д улаанбуудай, 17 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо, 144 мянган га-д малын тэжээл, 103 мянган га-д тосны ургамал тус тус тариалсан. Мөн өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 650 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, зургадугаар сарын 13-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 431 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Тариалалт 66.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Үүнээс улаан буудай 259 мянган га буюу 83.7 хувь, бусад үр тариа 31 мянган га, төмс 10.2 мянган га, хүнсний ногоо 8.4 мянган га, малын тэжээл 26 мянган га, тосны таримал 95 мянган га-д тус тус тариалжээ.
2024 оны дөрөвдүгээр сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, улаанбуудайн гурил, малын тэжээл зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Шийдвэр гарснаас хойш нэг жилийн хугацаанд хугацаанд 65 мянга гаруй тонн гурил татваргүй импортолсон байна. Гэсэн ч гаднаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, улаанбуудайн тариалалт багасч, гурилын үйлдвэрлэл буурсан буюу 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн дахин 3-4 үйлдвэр үүд хаалгаа хаахад хүрсэн юм. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж, хаврын тариалалтын өмнө шийдэх хүлээлттэй байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Улмаар яаралтай горимоор дахин өргөн барьж, УИХ-аар дахин хэлэлцэж байна.
Засгийн газар импортын татварыг чөлөөлснөөр гурилын үнийг бууруулна, өрсөлдөөн бий болгоно гэж тооцоолсон боловч үнэ буурахгүй, тариалалт үйлдвэрлэл буурсан. Сүүлийн 5 жилд тариалалт 53 мянган тонноор буюу 20 гаруй хувиар, гурил үйлдвэрлэл 40 хувиар тус тус буурчээ.
2023 онд 443 мянган га талбайд улаанбуудай тариалж байсан бол энэ онд 264 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн нь тариалалт 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байна гэж УИХ-ын гишүүн Батжаргал мэдээлэв. Салбарын сайдын зүгээс улаанбуудайг импортын татвараас чөлөөлснөөр 100 мянган га тонн улаанбуудайн дотоодын үйлдвэрлэл явуулах боломжийг хязгаарлаж байна гэжээ.
Нийтэлсэн огноо2025-06-24