Засгийн газар төрийн албан хаагчийн тоог 14 мянгаар цомхотгох ч Дэд сайд томилно www.itoim.mn
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар 14000 гаруй төрийн албан хаагчийг цомхотгож, төсвийн хэмнэлт хийхээ зарласан.
Нүүрсний үнэ унаж, БНХАУ нүүрс авахаа зогсоосноор Монгол Улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасраад байгаа. Тиймээс 2025 оны төсөвт тодотгол хийж, хэмнэлт хийх шаардлага үүсээд байгаа. Тэгвэл Засгийн газар энэ хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлж, эхлээд төрийн данхар бүтцийг багасгаж, албан хаагчдыг цомхотгохоос эхэлнэ гэдгээ зарласан. Гэсэн ч Засгийн газар нөгөө талд Дэд сайд томилохоор зэхэж байгаа аж. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар Ерөнхий сайдаасаа гадна 19 сайдтай. Тиймээс 19 дэд сайд томилно гэсэн үг.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Дэд сайд хууль дээрээ байгаа. Өмнөх Засгийн газрын үед ч орон тоо төсөвтэйгөө бүгд байгаа. Хэл ам, шүүмжлэлээс айгаад томилоогүй юм билээ. 10, 20 үр ашигтай ажиллаж 1000, 2000 хүний ажлыг хийх боломжтой бол томилох хэрэгтэй. Гадаад харилцааны сайд гадаад явсан байхад зочин ирэхэд орлогч сайд орлох ёстой. Ямар ч компани удирдлагын нэгжид орлох систем байдаг. Дэд сайдын хууль, төсөв орон тоо нь ч байгаа юм билээ. Төсвийн тодотголоор 14400 дарга, сайд нарыг цомхотгохоор ярьж байгаа. Гэхдээ Дэд сайд дэлхийн бүх улс оронд байдаг албан тушаал. Нэгээр тогтохгүй байдаг улс төрийн албан тушаал. Нэх хэмнэх гэхээсээ илүү бодит үр дүнг харж шийдвэр гаргах ёстой" гэсэн юм.
Үүнээс харахад, Засгийн газар тун удахгүй 19 дэд сайд томилох бололтой.
"Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль"-д төрийн албан хаагчийн тоог 9 хувиар цомхотгохоор баталсан.
Төрийн захиргааны албан хаагчдыг 10 хувиар бууруулж, 2153,
Тусгай албыг 25 хувиар бууруулж, 12270 ,
Төрийн үйлчилгээний албыг 9 хувиар буруулж, 3658,
Улс төрийн албыг 9 хувиар бууруулж, 340 хүнийг чөлөөлөх тооцоо байгаа юм.
Сүүлийн жилүүдэд төрийн алба данхайж, төрийн албан хаагчийн тоо эрс нэмэгдэж 228 мянга болсон. Үүн дээр төрийн өмчит компаниудын албан хаагчид нэмэгдэхэр 300 орчим мянган хүн төрд ажиллаж, төрөөс цалинжиж байна гэсэн үг. Тиймээс үүнийг цомхотгож, хэмнэлт хийх нь зүйн хэрэг ч нөгөө талдаа даргын албан тушаалыг нэмэгдүүлэх нь буруу. Хэрвээ үнэхээр л хэмнэлт хийх гэж байгаа бол Дэд сайд нарыг томилохгүй байх хэрэгтэй. Салбарын сайд нь байхгүй бол яамдын Төрийн нарийн бичгийн дарга нь орлодог.
BY Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-06-24