Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нас барах тохиолдол 60 хувиар буурчээ www.eguur.mn
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас баяр наадмын үеийн гэмт хэрэг, осол зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд өнгөрсөн 6 сарын 2-ноос долоодугаар сарын 28-нийг хүртэл хугацаанд 117 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд 4 тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ.
Тухайлбал, албаныхан орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 жолоочийг илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоосон байна.
Баяр, наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж, 8 хүн нас баржээ. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 56, нас баралт 60 хувиар буурсан нь иргэдийн ухамсар, хариуцлага сайжирч байгаагийнх гэв.
Мөн улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 12 оргодол этгээдийг олж тогтоон холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Тээврийн хэрэгслийн дугаарыг таних, хурд хэтрүүлсэн зөрчил болон бусад таван төрлийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой 17 автомашиныг Улаанбаатараас 250-300 км зайд ажиллуулж байгаа аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-07-29