М.Баяраа: Барилгын салбарт 2026 онд 592.7 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөсөн www.itoim.mn
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өчигдөр /2025.08.04/ эхэллээ. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төсвийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаас тодрууллаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа: Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд шилжин хэрэгжүүлэх 43 төсөл арга хэмжээ, шинээр хэрэгжүүлэх 43 барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн 2 төсөл, ТЭЗҮ зураг төсөв боловсруулах 19 төсөл буюу нийт 64 арга хэмжээнд 1 их наяд 366.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2026 онд 592.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг нэгтгэн төлөвлөж, хуулийн хугацаанд албан албан бичгээр болон цахим системээр хүргүүлсэн. Газрын асуудал, дэд бүтцийн асуудал, барилгын материалын асуудал, боловсон хүчний асуудал гээд маш олон хүчин зүйлсээс шалтгаалж төсвийн асуудал яригдана.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад орон сууцны үнэ 11 хувь өссөн, одоогоор дундаж үнэ 4.3-5 сая төгрөг байгаа. Яамны зүгээс дэд бүтэц, инженерийн барилга, байгууламжийг улсын төсвөөр байгуулж өгөх бодлого барьж байгаа. Аль болох газар чөлөөлөлт хийж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг шинээр бий болгож байгаа.
Сүүлийн жилүүдэд хийж буй томоохон төсөл болох 1008 айлын орон сууцны төсөл удахгүй дуусна. Мөн Буянт-Ухаад баригдаж байгаа барилга байна. Энэ төслүүд түрээслээд, өмчлөх байдаг юм уу, тодорхой хэмжээгээр орон сууцны зах зээлд нөлөөлөх ёстой. Яагаад гэвэл энэ нь орлогын хэмжээ дээр яригдаж байгаа асуудал. Иймээс бид залуус нэг, хоёр хорооллын дэд бүтцийн асуудлыг барилгын яамны төсөвт суулгаж өгсөн.
Мөн хуучин Буянт-Ухаа орчим хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд байгаа. Төрөөс бодлогын хэмжээнд үндсэн дэд бүтцээр хангах асуудал дээр илүү анхаарч ажиллаж байна.
Төсвийн төслийн тухайд энэ жил нэгдүгээрт Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчилж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.4-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад тусгахыг хориглосон орон нутгийн нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт, нийтийн эзэмшлийн байр, орон сууц, оффисын засвар шинэчлэлийн саналыг аймаг, нийслэлээс ирүүлсэн тохиолдолд хянаж, хасаж ажилласан. Хоёрт, манай байгууллагын салбарын чиг үүрэгтэй холбоотойгоор цаашдын төр, хувь хэвшлийн үндсэн суурь зарчим, үндсэн үйл ажиллагаа явуулах бодлогыг бий болгох үүднээс дэд бүтэц рүү хандсан хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж байгаа. Энэ нь ганцхан нийслэлд биш хөдөө орон нутаг, сумуудад төрийн албан хаагчдын орон сууц, сумдын дэд бүтэц гэх зэрэг төслүүд хэрэгжээд явж байгаа. Ер нь 2028 он гэхэд сумуудын асуудал нэгдсэн байдлаар цэгцрэх төлөвтэй байна. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй сумдад дэд бүтцийн ажлууд хийгдээд явж байгаа.
Сангийн яамнаас өмнө нь хэрэгжүүлж байсан 43 төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дуусгах чиглэл өгсөн. Харин шинээр төсөл, хөтөлбөр оруулах тал дээр дээр дурдсанчлан дэд бүтцийнхээ төслүүдийн саналаа өгчихсөн.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-08-05