Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлэв www.eagle.mn
Прокурорын байгууллага аравдугаар сарын 27-ноос 31-нийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53439 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. 
Дээрх хугацаанд 1464 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 792 хэрэг шинээр нээж, 432 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 111, өмчлөх эрхийн эсрэг 82, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Мөн эдийн засгийн гэмт хэрэг 9, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 8, авлигын гэмт хэрэг, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 5, эрүүл мэндийн эсрэг 3, хүүхдийн эсрэг 2, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүрд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,
- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан А.И нь орон нутагт 1 тэрбум 356 сая төгрөгийн үнийн дүн бүхий барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, санхүүжилт олгож албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэгч компаниас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн Т.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нийтийн албан тушаалтан Б.Х нар нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан аж ахуйн нэгжийг илрүүлсэн боловч тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх, тус зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, А.М -д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн Т.Т нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан “өвс”, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Х.Х, Х.Ц, Г.А нар нь бүлэглэн 2019-2023 онуудад өөрсдийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, 107 хуулийн этгээдэд нийт 87 тэрбум 662 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 944 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, цахим тайлангийн системд тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд өгсөн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 2.2 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.
Нийтэлсэн огноо2025-11-04

										 		



