Нийслэлээс 350 МВт чадалтай 3 станц ашиглалтад оруулсны араас ДЦС-5-ыг барьж эрчим хүчний сүлжээг өргөтгөнө www.eguur.mn
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үргэлжлүүлэн 2025 оны аравдугаар сарын 16-нд дахин 150 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүт станцын хоёрдугаар блокийг ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж байна.
Шөнийн цагаар үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үеэр нийлүүлдэг эдийн засгийн үр өгөөж бүхий Багануурын батарей хуримтлуурын станцыг мөн 2024 онд ашиглалтад оруулж, өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний системийн ачааллыг хуваалцаж эхэлсэн. Үүнээс хойш 50 МВт эрчим хүч нийлүүлдэг Багануурын батарей хуримтлуурын станц гэхэд төвийн системд 57.450 сая КВт.цаг эрчим хүч нийлүүлжээ.
Үндсэндээ Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг үүрэлцэж байна. Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаар бүрдүүлдэг. 2023-2024 онд шилжих өвөл гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орж, гэр хороолол, орон сууцны хотхон, хороолол гэлтгүй нийслэл даяараа эрчим хүч тасалдаж байсан цаг саяхан.
Энэхүү өсөн нэмэгдэж буй 200 МВт эрчим хүчний хэрэглээг Бөөрөлжүүтийн 150 МВт станц, Багануурын 50 Мвт батарей хуримтлуурын станцыг нэг жилийн дотор ашиглалтад оруулж, тухайн өвлийн улирлаас өмнө эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэлт хийж эхэлснээр 2024 оны өвөл нийслэлчүүдийн оргил ачааллаас хуваалцсан.
Өнгөрсөн зун ТЭЦ-3 станцад осол болсноор ачаалал нэмэгдэх эрсдэл байсан ч Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай хоёрдугаар блокийг хугацаанаас нь хоёр сарын өмнө ашиглалтад оруулснаар ачаалал эрс буурсан юм.
Нэг жил гаруйн хугацаанд нийслэлээс нийт 350 МВт хүчин чадалтай гурван ч цахилгаан станцын төслийг ийн ашиглалтад оруулаад байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн цахилгааны шугам, тоноглолд засвар хийх хуваарьт цахилгаан хязгаарлалтууд хийгдсэн. Мөн аравдугаар сарын 16-нд ОХУ-аас импортолж авдаг 220 кВ-ын цахилгааны шугам тасарч, түр хугацаанд эрчим хүч тасалдсан ч төвийн эрчим хүчний нийлүүлэлтийг хангаж чадсан учраас энэ үеэр цахилгааны хязгаарлалт хийлгүй даван гарсан билээ. 2026 онд Улаанбаатар хотын болон Монгол Улсын эрчим хүчний сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлээс төр, хувийн хэвшил зэрэг хамтралын үр дүнд ДЦС-5, хийн болон дулааны 5-7 станцыг үе шаттай барьж эхлэхээр төлөвлөөд байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-11-10





