Тамирчдаасаа олон бүрэлдэхүүнтэй албаныхны зардлыг хэн, хаанаас гаргасан бэ www.itoim.mn
XXV удаагийн өвлийн олимп Итали улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Монгол Улс өвлийн олимпод 16 дах, удаагаа оролцож байгаа ба “Милан Кортина 2026” өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат гэсэн гурван тамирчин өрсөлдөж байгаа. Тамирчид, дасгалжуулагчдын бэлтгэл хангалт, цалин хувцас хэрэглэлийн зардлыг улсаас бүрэн дааж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Харин сүүлийн үед өвлийн олимпод оролцох тамирчдаасаа олон албан тушаалтан Миланыг зорьсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Үүнтэй холбоотойгоор ямар албан тушаалтнууд, ямар санхүүжилтээр Итали зорьсныг тодрууллаа.
Олимпод оролцож буй Монголын цанын үндэсний шигшээ багийн гурван тамирчин, дасгалжуулагчдаас гадна МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар‑Ууган болон одоогийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч. Ундрам, өмнө нь ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номин, олимпод оролцох тамирчдыг хариуцах штабаас хоёр ажилтан хамт Итали явжээ. Үндсэндээ Монголын талаас зургаан эрх бүхий албан тушаалтан Өвлийн олимпод оролцож байгаа нь ил болсон. Гэхдээ арын албанд яг хэчнээн хүн явсан талаар нарийн мэдээллийг Монголын Үндэсний олимпын хорооноос тодруулахад, одоогоор мэдээлэх боломжгүй, Италиас ирээд тайлбар өгнө гэлээ. Одоогоор дараах таван албан тушаалтан Итали явсан нь батлагдсан бөгөөд ихэнхийг нь санхүүжилтийг улсаас гаргажээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар‑Ууган нар ОУОХ-ны санхүүжилтээр явсан байна.
Cоёл, спорт харьцсан шинэ болон хуучин сайд нар төсвийн мөнгөөр явжээ. Өвлийн олимпын штаб байгуулан, ахлан ажилласан ССАЖЗ сайд асан Ч.Номин болон одоогийн ССАЖЗ сайд Ч.Ундрам нар Италид ажиллаж байгаа аж.
Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан улсын төсвийн мөнгөөр Итали улсыг зорьжээ. Тэрээр 2024 оны зуны олимпод мөн улсын зардлаар Парис явсан байдаг.
УИХ-ын гишүүн Ч.Номин 2024–2025 онд Засгийн газрын ССАЖЗ сайдаар ажиллах хугацаандаа Өвлийн олимпын бэлтгэл, төлөвлөлт, гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг удирдан ажиллаж байсан. 2025 оны зургадугаар сард энэ үүрэгт ажлаа БСШУС-ын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ч.Ундрамд шилжүүлсэн. ССАЖЗ сайд асан Ч.Номин үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнө олимпын штабыг байгуулан, ахлан ажиллахаар болсон. Тиймээс ССАЖЗ сайд асан Ч.Номин энэ удаагийн өвлийн олимпод оролцох багийг ахлан удирдаж, одоогийн Спортын сайд Ч.Ундрам олимпод оролцох баг тамирчдыг бэлтгэх, дэмжих бодлого, төлөвлөгөөнд Засгийн газрын түвшинд шууд оролцож байгаа гэж хариуцсан яамнаас тайлбарлав. Өөрөөр хэлбэл, хуучин сайд Ч.Номин албан тушаалаасаа буусан ч өмнө хариуцсан ажлаа шинэ сайддаа хүлээлгэн өгөлгүйгээр Италийг зорьжээ. Ямартай ч шинэ, хуучин сайд хоршин Италид ажиллаж байна.
By Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-02-13





