Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина www.itoim.mn
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
Батлаад хоёрхон сарын дараа тодотгол хийж байгаа төсвөө 2.2 их наядаар нэмэгдүүлэх тодотголыг Засаг дарга Х.Нямбаатар өргөн барьжээ. Нэмэгдүүлсэн төсвөөр дулааны v цахилгаан станц барих 200 тэрбум төгрөгийн бонд босгох, COP17 бага хурал зохион байгуулах 70.1 тэрбум төгрөгийн зардлыг тусгах, үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөг тусгажээ. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан 4 төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум, нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум, “Улаанбаатар трам” төслийн 2-р дугаар шугамын ажилд 350 тэрбум төгрөг тусгажээ.
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 8.8 тэрбум төгрөгийн зохицуулалт хийжээ. Үүнд “Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газар”-т 1.3 тэрбум, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум, “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум, ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлахад 0.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Харин дамжуулан зээлдэх үйлчилгээг 4.6 тэрбум төгрөгөөр, Нийтлэг үйлчилгээний газрын төсвийг 2.1 тэрбум, Нийтийн тээврийн бодлогын газрын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.
Ирэх сарын 2-нд бөгөөд Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах II хэлэлцүүлэг болно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-02-25





