Үнэт цаасны арилжаагаар хийсэн гүйлгээ 61.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ www.montsame.mn
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны нэгдүгээр сард 133.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 85.2 хувь буюу 61.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 65.3 хувь буюу 87.4 тэрбум төгрөг нь анхдагч, 34.7 хувь буюу 46.4 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үнэт цаасны гүйлгээний 55.3 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 16 хувийг компанийн хувьцаа, 15.9 хувийг Засгийн газрын, 12.7 хувийг компанийн бонд, 0.1 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байна.
Арилжсан үнэт цаас энэ оны нэгдүгээр сард 48.3 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.4 хувь буюу 19.2 сая ширхгээр багаслаа. Арилжсан үнэт цаасны 1.8 хувь буюу 880 мянган ширхэг нь анхдагч, 98.2 хувь буюу 47.4 сая ширхэг нь хоёрдогч зах зээлд арилжжээ.
ТОП-20 дундаж индекс энэ оны нэгдүгээр сард 54871.4 нэгж болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3110.2 нэгжээр, өмнөх сарынхаас 2209 нэгжээр нэмэгдсэн байна.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны нэгдүгээр сард 14.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувь буюу 986.8 тэрбум, өмнөх сарынхаас 2.6 хувь буюу 364 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Зах зээлийн нийт үнэлгээний 99.9 хувь буюу 14.2 их наяд төгрөгийг Монголын хөрөнгийн бирж, 0.1 хувь буюу 18.7 тэрбум төгрөгийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлжээ.
Нийтэлсэн огноо2026-02-27





