Засгийн газар 5.95 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай 500 сая долларын бонд гаргалаа www.eagle.mn
Засгийн газраас гадаад зах зээлд гаргасан бондын талаар Сангийн яамнаас мэдээлэл өглөө. "Өрийн дахин санхүүжилтийн ээлжит арга хэмжээгээ өчигдөр амжилттай хэрэгжүүллээ. Жил болгон төсөв батлах үед дахин санхүүжүүлэх дээд хэмжээ буюу таацыг баталж өгдөг. Үүний дагуу дахин санхүүжүүлэлтийн арга хэмжээ авч байгаа. Шинээр босгож байгаа бондын санхүүжилтээр өмнөх бондуудынхаа өр төлбөрийг төлж байгаа гэж ойлгож болно.
Энэ удаад 500 сая ам.долларын дүн бүхий “Сенчири-5” бонд гаргалаа. Манай өмнөх бондуудыг худалдан авсан хөрөнгө оруулагчдад бонд гаргах гэж байгаагаа мэдэгдэж хуучнаа шинээр солих санал тавьдаг. Зөвшөөрсөн санал их ирсэн. Шинээр гаргаж байгаа бондын хүү нь 5.95 хувь, хугацаа нь зургаан жил" гэлээ.
Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.
Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харуулж байна.
Нийтэлсэн огноо2026-03-03





