Сарын дундаж цалин ₮2.8 сая, голч цалин 2.4 сая төгрөг байна www.eguur.mn
Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр улирлын дараах дундаж болон голч цалингийн хэмжээг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 54.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 827.5 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх улирлаас 174 (0.4%)-өөр нэмэгдэж, харин ажиллагчдын тоо 8.0 (1.0%) мянгаар буурчээ. Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад уул уурхай, олборлолт, барилга болон боловсролын салбарын ажиллагчид 0.9-2.1 (1.7%-4.5%) мянгаар буурсан нь нөлөөлжээ.
Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая төгрөг, голч цалин 2.4 сая төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2.5 сая төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 163.9 (6.0%) мянгаар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны эцэст 235.8, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 145.3 байна. Бодит цалингийн индекс өмнөх улирлаас 3.9 хувиар нэмэгдсэн байна.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-03-17





