Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг "Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ www.montsame.mn
Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг цаашид татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийн тааламжтай нөхцөл бүхий "Эдийн засгийн тусгай бус" болгон хөгжүүлнэ.
Ингэхдээ төр-хувийн хэвшлийн түншлэлийг орон нутагт саадгүй, бодитой хэрэгжүүлэх эрх олгохыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай энэ сарын 22-нд танилцаж, дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзсан юм. Уулзалтын дүнд энэ оны төсвийн тухай хуулиар баталсан "Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын төслийн зураг төсвийг яаралтай баталгаажуулж дуусгах, барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулж, ажлаа шуурхайлах, дулааны станцын шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам барих хөрөнгийг олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр шийдэх, дулааны үнийн зөрүүг шийдвэрлэх цогц шийдлийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах, АХБ-ны зээлээр хэрэгжих "Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх" төслөөр эмнэлгийн барилга барихыг судлан шийдвэрлэх ажээ.
Нийтэлсэн огноо2026-03-25





