АУДИТ: Хөгжлийн банк сөрөг дүгнэлт авч, гаднын зах зээлээс 500 сая долларын бонд босгосон ч зээл олгоогүй www.itoim.mn
Үндэсний аудитын газар төрийн өмчийн компани, банк, яамд гээд төрийн байгууллагуудын өнгөрсөн оны санхүүгийн тайланд аудит хийжээ.
Тус аудитаар Байгаль орчин уур амьсгалын яам, Цемент шохой ХХК, Хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Тавантолгой төмөр зам ХХК зэрэг компаниудад санхүүгийн тайландаа сөрөг дүгнэлт авч, эдгээр компаниудын 25 албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.
Тэгвэл Хөгжлийн банкны 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр банкны алданги улам нэмэгдэж, тухайн онд 33 бүртгэлтэй зээл байгаагаас 25 нь чанаргүй зээл болсон гэжээ. Хүүгийн орлого тасралтгүй буурч 2023 онд 34,420.8, 2024 онд 27,344.8, 2025 онд 75,180.3 сая төгрөгөөр хүүгийн зардал нь орлогоосоо давж банкны алдагдлыг цаашид нэмэгдүүлэхээр байна.
Батлагдсан бизнес төлөвлөгөөгөөр 2025 онд гэрээний дагуу 17,500.0 сая төгрөг, шинээр 2,000,000.0 сая төгрөг, нийт 2,017,500.0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн боловч 6,764.3 сая төгрөгийн санхүүжилтийг “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д олгосон байна. 2,000,000.0 сая төгрөгийн зээл олгохоор олон улсын зах зээлээс 800,0 сая ам.долларын эх үүсвэр татахаар төлөвлөж 500,0 сая ам.долларын эх үүсвэр татсан ч энэ онд зээл олгоогүй байна. Тус үнэт цаасыг гадаад зах зээлд 8.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар 2025 оны долдугаар сарын 3-нд гаргасан байна. Татан төвлөрүүлсэн эх үүсвэрээс DBM2026 бондын 122.3 сая ам.долларыг хугацаанаас нь өмнө 11.0 хувийн хүүгийн өгөөжтэй дахин санхүүжүүлсэн байна. Эх үүсвэрийн үлдэгдэл 377.7 сая ам.долларыг банк зээл гаргаагүй, бүрдүүлсэн эх үүсвэрийн хүүгээс бага хүүтэй буюу 3.5-6.0 хүүтэй хадгаламжид байршуулж байна.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 7.1 пунктээр бага байгаа нь эрсдэлийн сан нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд банкыг мөнгөжүүлэх шаардлагатай байна. Нийт гадаад валютын нээлттэй позиц -60.5 хувьд хүрсэн нь гадаад валютаар төлөх өр төлбөр өндөр байгааг харуулж, ханшийн алдагдал хүлээж болзошгүй эрсдэлтэй байна. Нийт зээлд эзлэх төвлөрөл 92.1 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 54.8 хувьд хүрчээ. Хүүгийн орлого төлөвлөсөн түвшинд хүрээгүй 165,812.7 сая төгрөгийн буюу 60.7 хувийн гүйцэтгэлтэй, татварын дараах алдагдал төлөвлөсөн түвшнээс 128,822.8 сая төгрөгөөр хэтэрсэн байна.
Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахдаа орон тоог 46, газрын тоог 4, хэлтэс нэгжийн тоог 9 -өөр цөөлж цомхотгосон. Тус бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд 2025 онд 12 ажилтанд 155.8 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-04-13





