ЕАЭЗХ: Шинэ зах зээлд гарах боломж нээгдсэн ч бэлтгэл дутуу байна www.itoim.mn
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард соёрхон баталсан. Уг хэлэлцээрийн хүрээнд манай улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван орон болох ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армен улс руу 367 нэр төрлийн барааг татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдсэн. Түүнчлэн манай хөдөө аж ахуй, тэр дундаа малын гаралтай экспортын бараанд ногдуулж буй тарифыг 15-50 хувиар, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай дотоодод үйлдвэрлэдэггүй 42 нэр төрлийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний импортын тарифыг 89 хүртэлх хувиар тус тус бууруулахаар тохироод байна. Олон жил яригдаж ажил хэрэг болсон түр хэлэлцээр нь хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Харин хэлэлцээрт орж буй улс бүр дотоодынхоо хууль тогтоомжийг олон улсын зарчмын дагуу зохицуулж, нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр бэлтгэл хангаж буй аж.
Евразийн хэлэлцээр нь улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, экспортын орлогыг нэмэгдүүлэх гэхчлэн эерэг тал байгаа ч импортын хамаарал нэмэгдэж болзошгүй талаар “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж сорилт” хэлэлцүүлгийн үеэр салбарынхан онцлов.
ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн хүрээнд экспортод 5 хувийн өсөлт гарч магадгүй
МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Н.Отгонсайхан: Миний хувьд экспорт болон импортоор ямар, ямар бараа бүтээгдэхүүн орж ирэх вэ гэдгийг судалсан. Одоогоор манайх Арменаас бусад улстай худалдаа хийж байгаа. Хэлэлцээрийг ОХУ тэргүүлж байгаа учир тус улстай гол худалдааг хийнэ. Судалгаагаар импортын хамаарал өндөр байх нь тогтоогдсон. Хүнсний бүтээгдэхүүн болон тамхины импорт өсөх эрсдэлтэй. Мөн таван хувийн гаалийн татвар тэглэгдэх нь дотоодын үйлдвэрлэгчдэд өрсөлдөөн үүсгэнэ. Экспортын хувьд нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн, мал амьтны гаралтай арьс шир, түүхий эд гаргах боломж бий. Хүнсний бүтээгдэхүүнээс адууны мах, хурганы махны экспорт өсөх боломжтой. Харин бусад махны төрөл дээр өсөлт бага. Ерөнхийдөө таван хувийн өсөлт л харагдаж байгаа. Өмнө нь Япон улстай хэлэлцээр хийх үед согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татвар дотоодын бүтээгдэхүүнд бага, импортод өндөр байгаагаас шалтгаалан нөгөө талаас тэгшлэх шаардлага тавьж байсан. Энэхүү хэлэлцээр дээр ч ийм асуудал үүсэж байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр болох шатандаа орсон учраас одоо бидний хийх ёстой зүйл бол бодлогын түвшинд бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд эрүүл ахуйн шаардлага, стандарт, гарал үүсэл, оюуны өмчийн шаардлагыг хэрхэн хангах талаараа нэлээд сайн бэлтгэх хэрэгтэй. Эдгээрийг биелүүлж байж тарифын хөнгөлөлт эдэлнэ. Аливаа зүйлд сөрөг болон эерэг давуу тал байдаг. Бид ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг урьдчилан харж засах боломж бий. Тухайлбал, бусад улсаас их хэмжээгээр бараа импортоор орж ирж дотоодын үйлдвэрт ноцтой хохирол үүсгээд байвал хамгаалалтын арга хэмжээ авч болно гэж хэлэлцээрт тусгагдсан. Мөн гурван жилийн хугацаанд үр дүнг нь харж байгаад нэмэлт өөрчлөлт оруулж болно. Тариф болон тарифын арга хэрэгсэл дээр ямар нөхцөл байдал үүсээд байгаа юм гэдгийг хяналт үнэлгээ хийх эрх ч бий. Тэгэхээр хэлэлцээрт заасан зүйлсийг нарийн ойлгож нөхцөл байдал бүрийг анзааран судалгаагаа өргөжүүлэх шаардлагатай. Сүүлийн үед бизнес эрхлэгчид Армен, Киргиз, Казахстаны зах зээлийг сонирхон анхаарал тавьж байна. Тэгэхээр эдгээр улс орнуудад экспортоо нэмэгдүүлэх боломж юу байна вэ гэдгийг бизнес эрхлэгч нар харах хэрэгтэй болчихлоо. Зарим нэг аж ахуй нэгж аль хэдийнэ Казахстанд бараа бүтээгдэхүүнээ экспортлоод эхэллээ. Хэлэлцээрийн процесс явахаас өмнө нөхцөл байдал өөр байсан. Одоо бол хэдийнэ нөхцөл байдал учраас үүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэгт л илүү төвлөрч ажилламаар байна.
ЭЗХЯ-ны Худалдаа эдийн засгийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа: Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр манай худалдааны эргэлт гишүүн орнуудын зах зээл рүү 27 хувиар өснө. Хөрөнгө оруулалт ойролцоогоор хоёр хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газар хэлэлцээрийг байгуулж, соёрхон батлуулчихлаа. Нийт 367 бараа бүтээгдэхүүний дийлэнх нь хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн буюу арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн. Евразийн эдийн засгийн холбооноос манай зэх зээл рүү гол төлөв дотоодод үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүнийг импортолъё гэж тохирсон. Мэдээж өмнө нь орж ирдэг байсан импортын барааг ч тарифын хөнгөлөлттэйгөөр авна. Гарал үүслийн болон худалдааг хөнгөвчлөх заалтуудыг ч тохирч чадсан. Эдгээр зах зээлээс оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргах боломжтой. Нэг үгнээр аж ахуй нэгжүүдэд боломжийг нь хангаж өгсөн. Одоо аж ахуй нэгжүүд тус боломжийг ашиглаад зах зээл дээр хэрхэн гарах вэ гэдэгтээ анхаарч, бэлтгэх хэрэгтэй.
Гаалийн ерөнхий газрын ёс зүйн дэд хорооны дарга Д.Цэндсүрэн: Евразийн эдийн засгийн холбооноос татваргүй бараанууд орж ирээд үндэсний үйлдвэрлэлд саад болно гэсэн асуудал гарахгүй. Хэлэлцээр хийгдсэнээр маш олон боломж бий болно. Бид гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг түргэвчилж хялбаршуулах, зарцуулж буй цаг хугацааг бууруулахаар ажиллаж байна. Ер нь ямар хэмжээтэй хэчнээн төгрөгийн бараа импортолж, экспортолсон гэдгээс илүүтэйгээр цаг хугацаа гэдэг хамгаас үнэтэй байдаг. Хэлэлцээрийн хүрээнд гаалийн бүрдүүлэлтийг мэдүүлснээс хойш дөрвөн цагийн дотор олгохоор болсон нь маш онцлог. Манай улс 39 хилийн боомттой, ОХУ-Д 66 боомт бий. Бусад улсуудтай агаарын тээврээр эсвэл хуурай замаар худалдаа хийнэ. Эдгээр таван улсын гарал үүсэлтэй бараг мэдүүлэхэд болон эсэргээрээ манай улс тус улсын гаалийн байгууллагад мэдүүлсэн л бол дөрвөн цагийн дотор олгох боломж байна. Дэлхийн худалдааны байгууллагын худалдан авах хэлэлцээрийн хүрээнд Гаалийн бүрдүүлэлтийг хилээр нэвтрэхээс өмнө урьдчилан хийх боломжтой. Түүнчлэн тус улсуудад бараа экспортолж, импортлох боломжтой аж ахуй нэгжүүдэд итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн хөтөлбөрт хамруулна. Гаалиас Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч АПУ, Говь компани, Ханбогд кашмер, Янмал, Тод оймс зэрэг аж ахуй нэгжүүдийг тус хөтөлбөрт хамруулаад байгаа. Евразийн эдийн засгийн холбоо бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, ажиллах хүч гэсэн дөрвөн зүйл чөлөөтэй явдаг. Бид эхний ээлжид барааны бүлэг дээр тус тусынхаа хэмжээнд тодорхой жагсаалтыг гаргаад байна. Магадгүй ирээдүйд хэлэлцээр дахин үргэлжилж эсвэл өөрчлөгдөөд явбал ажиллах хүч, хөрөнгө оруулалт, үйлчилгээ худалдааг гаргах боломжтой. Тус улсад IT инженер, эмч нар гэхчлэн мэргэжилтнүүд ажиллаж болох юм.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-28





