Тодруулга: ГХЯ-аас Эрээний консул З.Лхагвадоржийн асуудлаар дотоод шалгалт явуулж байна гэв www.eguur.mn
БНХАУ-ын талаас Эрээн хотод суух Ерөнхий консул З.Лхагвадоржийг авлигын асуудлаар яаралтай эгүүлэн татах шаардлага ирүүлээд байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Одоогоор БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай албан мэдээлэл ирүүлээгүй. Дээрх мэдээллийн мөрөөр дотоод шалгалтын ажиллагаа явуулж байна" гэсэн юм.
З.Лхагвадорж нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу 2025 оны нэгдүгээр сард ХҮН намын квотоор Ерөнхий консулаар томилогдсон . Тэрбээр тухайн үед Шадар сайд Т.Доржхандын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.
Түүнийг “Нэг цэгийн үйлчилгээ” нэрээр хүнд суртал үзүүлж иргэдийг чирэгдүүлдэг, авлига авдаг гэх мэдээлэл цахим орчинд газар авч байна. Мөн өөрийгөө Б.Батцэцэг сайдын хүн гэж томордог талаар Замын-Үүд сумын иргэд хэлж байгаа аж.
Салбарын яамнаас гадаадад суугаа дипломат төлөөлөгийн газрын албан хаагчдын үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой асуудалд хяналт тавьж, гомдол мэдээллийг шалгаж ажилладаг. Хэрэв албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тохиолдол илэрвэл хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нөхцөл байдал үүсэх юм. Бид энэ асуудлын талаар эргэн мэдээлэх болно.
Д.ХАДААН
Нийтэлсэн огноо2026-04-27





