Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх бодит эрсдэл үүссэн www.gogo.mn
Эрчим хүчний сайд Б.Найдалаатай салбарын тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн асуудал болон ирэх өвлийг бэлтгэлийн талаар тодруулсан юм.
-Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр ямар түвшинд ажиллаж байна вэ?
-Чадлын дутагдалтай буюу өөрийн хэрэглээгээ бүрэн хангах чадамжгүй байна. Жишээлбэл, Хятад улсад суурилагдсан хүчин чадал нь эрчим хүчний хэрэглээнээсээ гурав дахин их нөөцтэй байдаг. Аль нэг газарт доголдол гарлаа гэхэд өөр эх үүсвэрт холбоод л ямар ч асуудалгүй ажиллана. Гэтэл манай улс хэрэглээгээ ч хангаж дийлэхгүй, гаднаас аваад ч сох дутсан байдалтай байна. Ийм байдлаар олон жил явж ирсэн нь нэг талаас харамсмаар, гадны хүнд ярихаас ичмээр үзүүлэлт юм. Гэхдээ ичлээ гээд дуугүй байж болохгүй. Манай улсын хувьд хэрэглээнээсээ 30 хувиар давсан чадлын нөөцтэй болох зорилт тавьж байна.
Нөөцтэй байж засвар үйлчилгээ хийнэ. Нөөцгүй учир засвар үйлчилгээ хийх боломжгүй, хийсэн ч “хам хум” хийгээд залгаж байх жишээтэй. Иймд байхад эрчим хүчний салбарт доголдол гарах нь аргагүй. Өнгөрсөн өвөл ДЦС-ын зууханд гэмтэл гарч, цахилгааны хязгааарлалт хийлээ. Манай улсын эрчим хүчний сүлжээ тоног төхөөрөмжийн элэгдэлд орсон хуучин, хоцрогдсон технологитой. Үүнийг манай салбарын инженерззп “монголчилсоор” өдийг хүрлээ шүү дээ.
-Эрчим хүчний салбарт ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүсэх бодит эрсдэл бий болсон гэж та танилцуулгадаа мэдэгдлээ. Энэ эрсдэлийг хэрхэн давах вэ?
-Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд ирэх өвөл хамгийн хэцүү өвөл болно. Хэрэглээ жилд 7-8 хувиар өсөж байхад бидний нэмж шинээр ашиглалтад оруулж буй эх үүсвэр нь бага. Энэ жил Сэлэнгийн 70МВт-ын станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүн дээр БНХАУ-аас 80МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийнэ. Хятадаас авах эрчим хүчийг шууд төвийн сүлжээнд татан хэрэглэх боломж хязгаарлагдмал.
Учир нь цахилгаан дамжуулах шугамын хүчин чадал хүрэхгүй учир говийн бүсийн чадлын дутагдлыг нөхөн хангах боломжтой гэсэн үг.Доголдол тасалдал аль болох гаргахгүйн тулд засвар үйлчилгээг сайн хийх шаардлагатай.
-Энэ жил нарны цахилгаан станц тавыг барих Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар таван газарт 50 МВт-ын нарны цахилгаан станц байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Станцын тендерийг зарлаж, маш богино хугацаанд буюу ирэх өвлөөс өмнө ашиглалтад оруулах ажил удахгүй эхэлнэ. Эдгээр эх үүсвэр бүгд ашиглалтад орвол нийт хүчин чадал 240МВт-аар нэмэгдэнэ. Үүгээр зогсохгүй батерей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Ингэж ирэх өвлийг давахын дээр цаашид сэргээгдэхийн болон бусад төслийг дэмжихэд системийн тохируулгын чадавхийг нэмэгдүүлнэ.
Эрчим хүчний яамнаас нарны цахилгаан станцуудыг хаана хаана байгуулах газрын байршлыг сонгож, ТЭЗҮ-ийг боловсруулсан. Энэ төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Нээлттэй өрсөлдөөнт шалгаруулалтыг явуулж, хэн хамгийн бага үнэ санал болгосныг шалгаруулж, ажлыг нь ирэх 7-р сард эхлүүлэхийг зорьж байна. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад ойрын үед мэдээлэл өгнө. Эрчим хүчний салбар онцгой нөхцөлд байгаа энэ үед бидэнд удаан бодож суух цаг байхгүй.
Төрөөс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого барьж байна. Эрчим хүчний яаманд сэргээгдэх эрчим хүчний нэгж байсныг аль хэдийнэ татан буулгасан. Харин бид одоо яамандаа Сэргээгдэх эрчим хүчний газар байгуулж байна. Сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хариуцсан, бодлогын түвшинд манлайлан ажиллах газар хэрэгтэй гэж үзсэн. Тэгж энэ салбарын ач холбогдлыг өргөж, гадны хөрөнгө оруулагчдад мессэж өгөхийг зорьж байна.
Нийтэлсэн огноо2026-05-06





