Гадаадад мөлжлөгт өртсөн 94 иргэний 54 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ www.itoim.mn
Улаанбаатарт биеэ үнэлэх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, хүн худалдаалах гэмт хэрэг далд, зохион байгуулалттай болжээ. Сүүлийн зургаан жилд 65 хэрэг бүртгэгдэж, хохирогчдын 58 хувь нь хүүхэд байна. Зүүн Өмнөд Ази руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр иргэдийг хуурч, мөлжлөгт өртүүлэх, цахим залилан хийлгэх тохиолдол нэмэгджээ. Сүүлийн 10 жилд гадаадад мөлжлөгт өртсөн 94 иргэнийг эх оронд нь авчирсны 54 нь хүүхэд байна. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашзэвэг мэдээлэл өглөө.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод биеэ үнэлэхтэй холбоотой үйл ажиллагааны хэлбэр өөрчлөгдөж, өмнө нь гудамж талбайд ил тод явагддаг байсан бол 2021 оноос хойш ихэвчлэн цахим орчинд шилжсэн байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улс руу чиглэсэн гадаадын иргэдийн урсгал нэмэгдэж, хүн худалдаалах гэмт хэрэг далд хэлбэрт шилжих хандлага ажиглагдаж байгаа юм. Ялангуяа БНХАУ, БНСУ-ын зарим иргэн Улаанбаатар хотод тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газар, ширээний охидтой караоке зэрэг үйлчилгээний газруудыг халхавч болгон ашиглаж, хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулж байсан тохиолдлууд илэрч, шалгагдаж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд энэ төрлийн 65 хэрэг бүртгэгдэж, нийт 92 хүн холбогдсон нь асуудал хэр ноцтой болсныг харуулж байгаа юм. Эдгээр гэмт хэргийн хохирогчдын 58 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Мөн хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, тэднийг оролцуулсан 141 хэрэг сүүлийн таван жилд бүртгэгдээд байна.
Сүүлийн үед гэмт этгээдүүд илүү нарийн арга ашиглах болсон. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай ажилд зуучилна гэж итгүүлэн охид, бүсгүйчүүдийг хуурч авч яван, тэнд нь биеийг нь үнэлүүлэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, цаашлаад Монгол Улс руу чиглэсэн цахим залилангийн хэрэгт ашиглах явдал нэмэгдэж байна.
Үүний нэг жишээ нь Мьянмар улсад БНХАУ-ын гэмт бүлэглэлийн санхүүжилтээр байгуулсан “КК парк” гэх бүсэд гарсан хэрэг юм. Тэнд Монгол Улсын 12 иргэний зорчих эрхийг хязгаарлаж, албадан хөдөлмөр эрхлүүлэн, телеграм сүлжээг ашигласан залилангийн гэмт хэрэг үйлдүүлж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Эдгээр хүмүүс тухайн бүлэглэлд элсэж, сар бүр 4–5 мянган ам.долларын цалин авдаг байсан төдийгүй Монгол Улсаас дахин хүмүүс татан авчрах зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Улмаар дээрх этгээдүүдийг Монгол Улс руу нэвтрэх үед нь баривчилсан юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад улсад бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн 94 иргэнийг холбогдох байгууллагууд хамтран эх оронд нь авчирсан бөгөөд тэдний 54 нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Энэ бүхнээс харахад хүн худалдаалах гэмт хэрэг улам далд, зохион байгуулалттай, олон улсын шинжтэй болж, ялангуяа цахим орчин, хуурамч ажлын санал зэргийг ашиглан иргэдийг хохироох явдал нэмэгдэж байгаа нь асуудал болж байна” гэлээ.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-06





