Махны үнээс болж Хангайн бүсийн ХАА-н салбарын зөвлөгөөн хойшлов www.eguur.mn
Хотын даргыг огцруулах "барьц" болсон махны үнэ бүсийн зөвлөгөөнийг ч мөн хойшлуулав. Тодруулбал, Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт энэ сарын 18-нд Өвөрхангай аймагт болох товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Шалтгаан нь махын үнийн асуудал өндрөө авч, салбарын сайд болон яаманд нөөцийн махны худалдаанаас эхлээд эмхлэх асуудал "овоорсонтой" холбоотой гэнэ.
Энэ бол эрх баригчдын талцал, улстөржилтийн хөлд тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн ажил хэрхэн чирэгддэг болохыг харуулсан дүр зураг юм. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Хаврын тариалалт, ноос ноолуур, мал төллөлтийн ажил ид өрнөж буй цаг дор иргэд, бизнес эрхлэгчид аймаг дамнаж зөвлөгөөнд оролцохын тулд эртнээс ажлаа зохицуулдаг. Гэтэл цаг нь тулсан үед цуцалсан нь иргэдийг чирэгдүүлсэн явдал мөн.
ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 11-нээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 25-ны дотор дуусгахаар төлөвлөжээ. Гэвч явцын дунд ийн тодорхойгүй хугацаагаар хойшилсноор дараа дараагийн ажлуудад хүлээлт үүсэж байгаа юм.
Одоогоор Говийн бүсийн хэлэлцүүлгийг Дундговь аймагт, Зүүн бүсийн хэлэлцүүлгийг Хэнтий аймагт тус тус зохион байгуулжээ.
Бусад бүсийн товлолт хуваарь:
2026.05.20-нд Баруун бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Ховд аймагт
2026.05.23 нд Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт
2026.05.24-25-нд Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан-Уул аймагт тус тус болно.
Д.ХАДААН
Нийтэлсэн огноо2026-05-19





