Б.Даваадалай: "Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" болгон өөрчиллөө www.eagle.mn
"Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал Б.Даваадалай мэдээлэл хийлээ. Тэрээр "Манай нэгдлийн нэрийг өнөөдөрөөс "Чингис хаан баялгийн сан нэгдэл" болгон өөрчилж байна. Ингэснээр цаашдаа хөрөнгийг удирдлага хийдэг, хөрөнгө оруулалт татдаг, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдээ мэргэжлийн удирдлагаар хангадаг болно" гэв.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ.
“Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг татан буулгалаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг татах буулгахаар шийдвэрлэлээ.
ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгаа ажээ.
Мөн тус тогтоолоор “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголросцветмет” гэж тус тус өөрчиллөө. “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар нэгдлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа сайжирч, чиг үүргийн давхардал арилах, хөрөнгө болон хүний нөөцийн ашиглалт оновчтой болох, төрийн өмчит компанийн засаглал, хяналт, хариуцлага, ил тод байдал бэхжих, Үндэсний баялгийн санд төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Нийтэлсэн огноо2026-06-17





