Гурван баяны хөндийд ураны анхны үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилсээр www.gogo.mn
Зөөвч-Овоо уурхай дараагийн шатандаа ирж, бүтээн байгуулалт эрчимжлээ.
Зөөвч-Овоо нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд оршдог, ураны орд. Энэ сарын 3-ны өдөр төслийн талбайд анхны цооногийг өрөмдөж, үйлдвэрлэлийг албан ёсоор эхлүүлэв.
Энэхүү ёслолд Орано группийн ТУЗ-ийн дарга Клоод Имовэн, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Орано группийн Уул уурхайн Бизнес нэгж, “Бадрах Энержи” компанийн удирдлага, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Нээлтэд оролцохоор Францаас 16 хүн иржээ.
Ураны үйлдвэр 2028 оны сүүлээр ашиглалтад орно. Үүнээс өмнө үйлдвэрийн дэд бүтцийг барьсан байх ёстой. Зөөвч-Овоо уурхайг Улаанбадрах сумтай холбох авто замын нээлт мөн давхар болов. Нийт 110 км урт энэ замыг орон нутгийн хоёр компани (“Замын битум”, “Аргалант транс” ХХК) барих юм байна.
110кв-ын 105км урт цахилгаан дамжуулах шугамыг “Энх-Өглөө” компани барина гэв. Мөн 300 хүний хүчин чадалтай хээрийн ангийг өнгөрсөн нэгдүгээр сард Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа барьжээ. Хээрийн ангийг 1000 хүний багтаамжтай болгон өргөтгөх боломжтой. Энэ мэтээр Гурван баяны хөндийд бэлтгэл ажлууд ид өрнөж байна.
Зөөвч-Овоо орд байрлаж буй нутаг нь тэмээ олноороо бэлчдэг, Зүүн баян, Баруун баян, Дунд баян гэж нэрлэсэн гурван хөндийн зааг нутаг юм. Сонирхолтой баримт танилцуулахад Говийн ноён хутагт Данзанравжаа нэгэн цагт “Манай нутагт Монголчуудыг тэжээх гурван том байгууламж барина” гэж айлджээ.
Дорноговь аймагт 1956 онд манай улсын анхны нефтийн үйлдвэрийг ЗХУ-тай хамтран барьж, 1970 онд Монгол-Оросын цэргийн томоохон ангийг Зүүн баянд нээсэн түүхтэй. Харин одоо ураны баяжмалын анхны үйлдвэр барьж байгаа нь Дулдуйтын Данзантравжаагийн үзүүлсэн бошиг биелж буй хэрэг хэмээн нутгийнхан үздэг байна.
Ураны үйлдвэрт жилд 2500 тонн ураны баяжмал үйлдвэрлэнэ. Нийт нөөц нь 85 мянган тонн. Хөрөнгө оруулалтын гэрээнд заанаар 33 жил ажиллана. “Бадрах энержи” компанийн геологичид ураны өөр нөөц Зөөвч-Овоо ордын эргэн тойронд байгаа, эсэхийг судалж байна. Хэрэв орд илрүүлбэл үйлдвэр 33-аас илүү олон жил ажиллах юм.
Хоёр жилийн дараа үйлдвэр ашиглалтад ороход 800 хүн ажиллана. Тэдний 9 хувь нь гадаад, 91 хувь нь Монголчууд байна гэв.
УРАНЫ ҮЙЛДВЭРИЙН ӨГӨӨЖИЙН ДИЙЛЭНХИЙГ МОНГОЛ УЛС ХҮРТЭНЭ
Орано группийн ТУЗ-ийн дарга Клоод Имовэн “Ураны үйлдвэр барих нь аж үйлдвэрийн төсөл юм. Энэ төсөл гүнзгий утга агуулгатай. Монгол-Франц улсын аль алиных нь хувьд стратегийн ач холбогдолтой.
30 жилийн өмнө эрэл хайгуулыг эхлүүлж, өнөөдөр анхны өрөмдлөгөө гүйцэтгэлээ. Монгол-Францын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ дараа дараагийн хамтын ажиллагаанд жишиг болно. Энэ гэрээ интернэтэд бүрэн эхээрээ бий.
Мөн энэ гэрээ Үндсэн хуульд нийцсэн. Ураны үйлдвэр удаан хугацаааны турш эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Өгөөжийн дийлэнхийг Монгол Улс хүртэнэ. Бид орон нутгаас ажилчин авахад онцгой анхаарна. Монгол Уллсын Засгийн газар цацрагийн нөлөөллийг хараат бусаар хянах хүсэлт гаргасан.
Энэ дагуу бид цацрагийн нөлөөллийг хянах, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэв. Мөн бид нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд онцгой анхаарна. Төслөө тогтвортой, хариуцлагатайгаар хэрэгжүүлнэ. Та бүхэн үүнд итгэлтэй байж болно” гэв.
Орано группийн ТУЗ-ийн дарга Клоод Имовэн манай улсад хоёр дахь удаа ирсэн нь энэ юм.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Хариуцлагатай уул уурхайд аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Төслийн үе шат бүхэнд хяналт тавьж ажиллана гэж итгэж байна. Мөн сумын иргэдийн боловсрол, эрүүл мэндэд анхаарна гэж найдаж байна. Сайншанд-Зөөвч-Овоо цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажил эхэлж байна.
Зөөвч-Овоо-Улаанбадрах сумыг авто замаар холбох болсон нь бидний хүлээлттэй нийцэж байна. Төслийг аюулгүй хэрэгжүүлэхэд анхаараарай гээд “Бадрах Энержи” компанийн хамт олонд амжилт хүсэв.
Орано группийн Уул уурхайн Бизнес нэгжийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ксавье Сэн Мартэн Тийе “Орано групп Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран Зөөвч-Овоо төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байна.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн төлөвлөлт, ур чадварын хөгжүүлэлт, дотоодын худалдан авалт, мөн байгаль орчны судалгаа, хөгжүүлэлтийн инновацлаг хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр хүлээсэн үүрэг, амлалтаа тууштай биелүүлэх болно” гэв.
Зөөвч-Овоо төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбарын төрөлжилт, бүс нутгийн хөгжил, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхээс гадна Монгол–Францын урт хугацааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.
Зөөвч-Овоо төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоёр дахь том төсөл. Төслийн эдийн засгийн үр өгөөжийн дийлэнх нь татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ногдол ашиг хэлбэрээр манай улсад төвлөрнө.
Энэ онд бага хэмжээний үйлдвэрлэлийг эхлүүлж, 2028 онд үндсэн олборлолтыг эхлүүлнэ. Төслийн нийт хугацаанд шууд болон шууд бус байдлаар нийт 1600 орчим ажлын байр бий болно. Олон улсын стандартын дагуу өндөр мэдлэг, ур чадвар бүхий Монгол мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор газар доор уусган олборлох технологийн сургалт, мэргэжлийн дадлагын хөтөлбөрүүдийг Монголын их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна.
Олборлолтын оператор бэлтгэх хөтөлбөрийг Дорноговь аймгийн Политехникийн коллежтой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
"Бадрах энержи” компани орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны гэрээг энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр байгуулж, эхний ээлжид нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх болсон. Цаашид энэхүү дэмжлэгийг жил бүр ойролцоогоор 3.5 тэрбумд хүргэнэ гэв.
Нийтэлсэн огноо2026-06-17





