“Адуучин суран эдлэл” уламжлалт гар урлалаа дэлхийн зах зээлд таниулж байна www.montsame.mn
Мандалговь, 2026 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын 1 дүгээр багийн иргэн Б.Дамдинцэрэн, Б.Отгончимэг нар уламжлалт суран урлалын өв соёлоо орчин үеийн зах зээлийн хэрэгцээтэй хослуулан хөгжүүлж, “Адуучин суран эдлэл” нэрийн дор үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байна.
Суран урлал нь тэдний гэр бүлд үе дамжин өвлөгдөж ирсэн үнэт өв бөгөөд мал аж ахуйн амьдралтайгаа хослуулан бүх төрлийн суран эдлэл, модон сийлбэртэй өлгүүр, хусуур, дурангийн сав зэрэг хэрэглээний болон чимэглэлийн бүтээгдэхүүн урлаж байна. Мөн адуучин, малчин ахуйд зориулсан дээл, угалзтай хүрэм, малгай зэрэг хувцас, хэрэгслийг урлан зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Тэд 2023 онд “Адуучин суран эдлэл” цахим хуудсаа нээснээр бүтээгдэхүүнээ сошиал орчин болон орон нутгийн мэдээллийн сувгуудаар түгээж, улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол Улсын 21 аймгаас захиалга хүлээн авах болсон байна. Мөн үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, дотоодын болон гадаадын худалдан авагчдад бүтээлээ танилцуулан борлуулж байна.
Тэдний бүтээгдэхүүн өнөөдөр зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, олон улсын хэрэглэгчдийн сонирхлыг татаж байгаа бөгөөд АНУ-ын Монтана муж, Чех улсын Градец Кралове хотод хүрч, мөн БНХАУ, Казахстан зэрэг орны жуулчид худалдан авч, Монголын уламжлалт гар урлалыг олон улсад таниулахад хувь нэмэр оруулж байна.
“Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ сайхан өв соёлоо хадгалж хамгаалан, өөрсдөө хэрэглэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм зорилго. Цаашид Монголын гар урлалыг олон улсад илүү өргөн хүрээнд таниулахыг зорьж байна” хэмээн тэд ярилаа.
Ийнхүү “Адуучин суран эдлэл” нь уламжлалт ур ухааныг орчин үеийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, Монголын өв соёлыг дэлхийн хэрэглэгчдэд хүргэсээр байна.
Адьяасүрэн.Д
Нийтэлсэн огноо2026-06-22





