Унгарын OTP банк Монголын зах зээлд нэвтрэх сонирхлоо албан ёсоор илэрхийллээ www.cnbc.mn
• Унгарын OTP банк Монголын зах зээлд нэвтрэх сонирхлоо албан ёсоор илэрхийллээ.
• Гадаадын банкны салбар нээх эрх зүйн орчныг Засгийн газар шинэчлэхээр ажиллаж байна.
• Өрсөлдөөн нэмэгдэх ч зээлийн хүү шууд буурахгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Дэлхийн санхүүгийн томоохон тоглогчдын нэг, Унгарын OTP группийн бүрэлдэхүүнд багтдаг OTP банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор Ерөнхий сайдад гардууллаа. Тус банк нь Төв болон Зүүн Европ, Төв Азийн 11 улсад үйл ажиллагаа явуулдаг, 17.5 сая хэрэглэгчтэй олон улсын санхүүгийн байгууллага юм.
OTP банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ласло Вольф Монголын зах зээлд үйл ажиллагаа эхлүүлбэл томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс гадна орон сууцны ипотекийн санхүүжилтийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын үзэж буйгаар гадаадын банк орж ирснээр салбарын өрсөлдөөн эрчимжиж, санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх, үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэх юм.
Гэхдээ эдийн засагчдын дунд энэ асуудлаар санал нэгдээгүй хэвээр байна. Зарим нь гадаадын банкны оролцоо хөрөнгө оруулалт татах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх давуу талтай гэж үзэж байгаа ч нөгөө хэсэг нь дотоодын банкуудын зах зээл хумигдах, санхүүгийн хараат байдал нэмэгдэх эрсдэлийг анхааруулж байна.
Мөн ихэнх шинжээчийн байр суурь нь гадаадын банк орж ирсэн даруйд зээлийн хүү буурахгүй, харин урт хугацаанд өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр буурах нөхцөл бүрдэх боломжтой гэсэн дүгнэлтэд төвлөрч байна.
Нийтэлсэн огноо2026-06-30





