ҮАБЗ Оюу толгойн асуудлаар өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана www.eguur.mn
Өчигдөр 14.00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Улмаар 17.00 цагийн орчимд завсарлаж, өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.
Тус хурлаар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг эцэслэхээр талуудын харилцан тохирсон хугацаа дуусахад ажлын хоёр хоног үлдээд буйд Монголын тал хэрхэн ашигтай хэлэлцээ хийх агуулгыг хэлэлцэж буй.
Тодруулбал, Засгийн газраас 2026 оны эхний хагаст багтаан Рио Тинто групптэй хэлэлцээ хийж, Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах зорилго тавин ажиллаж буй. Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ ажлыг хариуцаж байгаа боловч нөхцөл байдал хүнд, талуудын байр суурь маш хатуу байгаа талаар хэлж буй.
Оюу Толгой ордыг эзэмшигч талууд буюу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хооронд хийж байгаа зээлийн хүүг бууруулах хэлэлцээ 2025 оны аравдугаар сарын 30-нд эхэлсэн. Хэлэлцээ хийж дуусах албан ёсны хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дуусгавар болсон ч талуудын саналаар долдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан юм.
Ташрамд дурдахад, Хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хандаж Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ямар ч дарамт, нөлөө, ашиг сонирхолд автахгүйгээр үндэсний эрх ашгаа хамгаалах шийдвэрүүдийг гаргах ёстой. Та бүхний өмнө нам, бүлэглэл, ашиг сонирхлоос илүү эх орон бий. Албан тушаал түр зуурынх, харин эх орон мөнх хэмээжээ.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-06-30





