Зээлийн хүүг бууруулах, ирэх намарт багтаан ногдол ашиг олгож эхлэх байр сууриа илэрхийллээ www.gogo.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзжээ.
Тэд "Оюу толгой" төслийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням "Оюу толгой" төслийн менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсныг тэмдэглээд зээлийн хүүг бууруулах, 2026 оны намарт багтаан ногдол ашгийг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр Оюу толгойн хэлэлцээрийн эцсийн үр дүн Монголын ард түмэнд бодитой, мэдэгдэхүйц үр ашгаа өгөх ёстойг онцлон тэмдэглэв.
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулагдсанд сайд Г.Дамдиннямд талархал илэрхийлээд Рио Тинто компани Монголын ард түмнийг хүндэтгэж байгаа бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллахад харилцан итгэлцэл чухал гэдгийг онцлов.
Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахад зээлийн хүүг бууруулахаас гадна бусад олон орон зай, хамтран ажиллах хэлбэрүүд байгааг тэмдэглэв.
Б.Эрдэнэчимэг
Нийтэлсэн огноо2026-06-30





