З.Мэндсайхан: Засгийн газар хэлэлцээрээр "Рио Тинто"-ийн өмнө үүрэг хүлээгээгүй. Өгөөжийг 53 хувь болгож байж Онтрэ хэлэлцээр рүү орно www.itoim.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүйн сайд С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Ч.Номин нар оролцлоо.
Өчигдөр Засгийн газар Оюу толгой хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй зээлийн хүүг бууруулах хэлэлцээрээ хийж дууссан. Тэгвэл дээрх хэлэлцээртэй холбоотой мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар өглөө. Хэлэлцээрийн үр дүнд манай улс энэ онд Оюу толгойгоос ногдол ашиг авах бөгөөд хэдий хэмжээний ногдол ашиг авах талаар хэлэлцээртээ орох аж. Энэхүү хэлэлцээрийн цаана Монголын Засгийн газар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, Онтрэ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн юм. Мөн Онтрэ хэлэлцээрийг УИХ-аар оруулан батлуулах аж.
Сангийн сайд З.Мэндсайхан: Зээлийн хүүг 2.5 хувиар бууруулснаар 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж байна. Энэ нь Монголд ирэх өгөөжийг 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж байгаа. Өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан. Үүнээс болж Оюу толгой 13.1 тэрбум ам.долларын өртэй. Энэ зардлыг 25 хувиар бууруулж өдөрж 10.2 тэрбум төгрөгийн хүү төлнө. Цаашдаа Оюу толгой санхүүгийн бүтцийг шинэчлэх дээр Рио Тинтотой тохирсон. Хамгийн эхэнд төлөх зээлийн бүтцээс хэлээд өөрчилнө. Эндээс хүүгээ бууруулж чадвал хүүгийн бүтэц нь өөрчлөгдөөд явах хэлцлийг өчигдөр хийсэн.
Ногдол ашиг 2037 он хүртэл хойшилсон байсныг энэ онд авах болсон. Яг хэдий хэмжээний ногдол ашиг, ямар үндэслэлээр авах вэ гэдэг хэлцлийг цаашаа үргэлжлүүлэн хийнэ. Засгийн газар энэ хэлэлцээрийг хийхдээ Рио Тинтогийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Далд ямар нэгэн тохироо байхгүй гэдгийг хэлэх ёстой. Онтрэ хэлэлцээрийг эхлүүлнэ. Монголын талын өгөөжийг 53 хувь руу оруулах ёстой. 53 хувийн өгөөжийг АМНАТ, татвар, ногдол ашгаар өгнө. Ногдол ашгаа авах хэлэлцээрээ хийнэ. Өгөөжийг 53 хувьд хүргэж байж Онтрэ хэлэлцээрийг хийнэ.
Хэрвээ энэ хэлэлцээрийг хийж чадаагүй бол 2039 онд ногдол ашиг авах байсан.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-07-02





