Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно www.news.mn
Багануурын уурхай дотор Нялх чойрын бүс гэж бий. Энэ бүс нь Монгол Улсын хүрэн нүүрсний томоохон сав газрын нэг бөгөөд нийт есөн тэрбум тоннын нүүрсний нөөцтэй. Үүнээс гадна дэд бүтэц, тог цахилгаан, төмөр зам болон хангалттай усны нөөцтэй учраас уурхайн нөөцөд түшиглэн нүүрс-пиролизын үйлдвэрийг байгуулахад хамгийн тохиромжтой газар.
Пиролиз гэж юу вэ. Хүрэн нүүрсийг 550-650 градусын темпаратурт халааж, жигнэх байдлаар дотор нь агуулагдаж буй хорт бодис, дэгдэмхий хийг ялгаж, цэвэр түлш үйлдвэрлэдэг технологи.
"Багануур үйлдвэр технологийн парк байгуулахаар нийтдээ 336 га талбайг улсын хэрэгцээнд авсны 36 га талбайд нь нүүрс-пиролизын үйлдвэрийг барихаар төлөвлөжээ. Нийт 13 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын хагас коксыг орлоно гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
"ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХЭЭС ГАДНА ЭСКПОРТЫГ ДЭМЖИЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДЛЫГ ШИЙДНЭ"
Шинээр барих үйлдвэрийг "Багануур үйлдвэр технологийн паркийн зохицуулагч Б.Чойжил танилцуулахдаа "Багануурын 1.8 сая тонн хүрэн нүүрсийг 600-650 градуст жигнэснээр 600 мянган тонн хагас коксон түлш гаргаж авна. Үүнээс 82 мянган тонн цэвэр давирхай гарах бол түүхий пиролизын хийгээрээ эрчим хүч үйлдвэрлэнэ. Манай энэ үйлдвэрийн онцлог нь зөвхөн Улаанбаатар хотыг хагас коксон түлшээр хангахаас гадна үйлдвэрийнхээ өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаж, 40 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнийхээ 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Мөн 82 мянган тонн цэвэршүүлсэн давирхайгаа олон улсад экспортолно.
Тэгэхээр энэ бүтээн байгуулалт зөвхөн хагас коксон түлш үйлдвэрлэх бус экспортыг дэмжсэн, эрчим хүчний асуудлыг шийдсэн төсөл юм.
Улаанбаатар хотын гэр хорооллын түлшний хэрэгцээ өвөлдөө 450-500 мянган тонн байдаг. Уурын зуухнуудын хэрэгцээ 50-100 мянган тонн байдаг. Тэгэхээр нийслэлийг бүрэн хагас коксон түлшээр ханган, утааг 50-60 хувиар бууруулна гэдэг тооцооллыг хийсэн" гэв.
ҮЙЛДВЭРИЙГ 134 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 500 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИНА
Төслийн нийт хөрөнгө оруулалт 134 сая ам.доллар бөгөөд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нийслэлтэй хамтран санхүүжүүлэх гэнэ. Төслийн удирдлагыг "Эрдэнэс ҮТП" ХХК хэрэгжүүлж байгаа аж. Түлшний татаасад олгодог улсын төсвийн зардлыг жил бүр 200-300 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцооллыг хийжээ. Энэ талаар "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай ярихдаа "Агаарын бохирдлыг бууруулж, утаа бага гаргадаг хагас коксон түлшийг гадаадаас худалдан авна гэвэл 80-100 сая ам.доллар шаардлагатай. Энэ мөнгийг хэрхэн дотооддоо авч үлдэж, ард иргэдийнхээ орлого болгох вэ гэдэг үүднээс энэ үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн. Хоёрт, хүний эрүүл мэндтэй холбоотой учраас "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК заавал хувь нэмрээ оруулахаар "Эрдэнэс үйлдвэр технологийн парк" компаниараа дамжуулан сүүлийн хэдэн жил туршилт, судалгааг хийсэн. Ингээд өнөөдөр Ерөнхий сайд болон нийслэлийн Засаг дарга, Багануурын уурхайн удирдлагуудтай хамтран нэг цонхоор төслөө хэрэгжүүлэх гэж байна.
Төслийн нийт өртөг бол 134 сая ам.доллар буюу нийт 500 гаруй тэрбум төгрөгөөр үйлдвэрийг барина. Мөн Багануурын уурхайг өргөтгөхөд 210 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүний 40 тэрбумыг эхний ээлжинд шийднэ.
Нийт 134 сая ам.долларын санхүүжилтийн 30 хувийг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК, нийслэлтэй хамтран хөрөнгө оруулна. Үлдсэн 70 хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байна. Ингэснээр жил болгон түлшний татааст зарцуулдаг 200-300 тэрбум төгрөгийг гадаад руу бус эх орондоо үлдээнэ. "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК нийгмийн том төслийг дэмжиж, ард иргэдийнхээ эрүүл мэндтэй холбоотой төслийг эхлүүлэх гэж байна. Хоёрт, олон жил ярьсан төслүүд гараанаасаа гарч, үйлдвэрлэл хөгжих том суурь болно гэж харж байна" гэв.
БАГАНУУРЫН 360 ТОНН НҮҮРСНИЙ ДЭЭЖИД ХАГАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТ ХИЙСЭН
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулжээ. Мөн үйлдвэрийн болон дагалдах цахилгаан станцын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулаад байна.
Шинээр үйлдвэр байгуулах ТЭЗҮ болон хэсэгчилсэн төлөвлөгөөг олон улсын нээлттэй тендер зарлаж, 2025 оны тавдугаар сард БНХАУ-ын төрийн өмчит "Сэдин инженеринг Монголия" ХХК шалгарч, ТЭЗҮ-г 2025 оны арванхоёрдугаар сард хүлээн авчээ.
"Эрдэнэс үйлдвэр технологийн паркийн Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын дарга Б.Ганхуяг Багануурын уурхайн нүүрсэнд туршилт хийсэн талаар мэдээлэл өгөхдөө "Багануурын ордын нүүрсийг хагас үйлдвэрийн туршилтыг 2005 оноос хойш хийсэн. Тодруулбал, 2005, 2006, 2014, 2017, 2019, 2022 онуудад туршилт судалгаа хийж, үр дүн нь сайн гарч байсан. Бид нүүрс-пиролизын үйлдвэр барих ажлын хүрээнд 2024 оны долдугаар сараас олон үе шаттай лабораторийн туршилтыг хийсэн бөгөөд 2026 оны тавдугаар сард нүүрсийг хагас кокс болгож, сонгосон технологи маань амьдрал дээр хэрэгжиж байна уу, түлшний чанар хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэх үү гэдгийг баталгаажуулах шаардлагатай байсан учраас нийтдээ 360 орчим тонн нүүрсийг дээжээр авч, туршилт хийлгэсэн. Туршилтыг хийхдээ ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнтэй хамтран БНХАУ-д зохион байгуулсан.
Үүнээс гадна "Багануур"-ын уурхай лаборатори болон хөндлөнгийн олон улсын лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Мөн хагас коксон түлшээ барьцалдуулж, шахмал түлш үйлдвэрлэж, шатаалтын туршилтыг хийсэн.
Туршилт хийсэн хагас коксон түлшинд хорт бодисын агууламж маш бага, хүний эрүүл мэндэд нийцсэн гэдэг дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт эхний ээлжинд ирсэн дээжин дээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдлын лабораторит шинжилгээ хийлгэхэд хүхэрлэг хий импортын хагас коксон түлшээс 90 орчим хувиар бага, азотын исэл нь 40 хувиар бага, угаарын хий 60 хувиар бага, биет тоосонцорын хэмжээ 46 хувиар бага гэсэн маш сайн үр дүн гарсан" гэдгийг онцолсон юм.
"ҮЙЛДВЭР БАРИХ АЖЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРЛААР АЛБАЖУУЛНА"
Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, 2026 оны гуравдугаар улиралд гэрээг байгуулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтыг 2028 оны эхний улиралд бүрэн дуусгаж, мөн оны хоёрдугаар улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх зорилт тавин ажиллаж байна. Үйлдвэр байгуулснаар 422 тогтвортой ажлын байр шинээр бий болох гэнэ.
Ерөнхий сайд Н.Учрал "Бид энэ бүтээн байгуулалтын 70 хувийг нь зээлээр санхүүжүүлж, батлан даалтыг нь БНХАУ-ын "Синашур" компаниар хийлгэнэ. Ингэснээр давхар давхар баталгаатай болно. Үлдсэн 20 хувийн санхүүжилтийг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ТУЗ-өөрөө хэлэлцэж, шийдвэрлэнэ. Харин нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 10 хувийг санхүүжүүлнэ. Энэ бүхнийг Лхагва гаригийн Засгийн газрын хурлаар албажуулна.
Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас цаг алдахгүй нь тулд Засгийн газрын тогтоолыг үндэслэн хуулийн дагуу санхүүгийн хувьд бие даасан, эрсдэлгүй компанитай нь гэрээ байгуулъя.
Одоо Эрдэс баялгийн зөвлөл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдсан учраас төсөл хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарна. Энэ ажлын хэсгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир ахалж, төслийн хэрэгжилтээ хангаад явна. Мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай холбогдуулан Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хот аж үйлдвэржилтийг дэмжих үйлдвэр технологийн парк дээр суурилж хөгжинө. Энэ ажлыг нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хариуцаж байгаа. Хоёр сайд энэ тойргоос сонгогдсон учраас энэ ажлыг хариуцуулж байгаа юм. Үүнээс гадна "Багануур" ХК-ийн өргөтгөлийг хийхгүй бол төсөл явахгүй. Тийм учраас өргөтгөл хийх шаардлагатай 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний жил нь "Чингис хаан баялгийн сан нэгдэл" хариуцаж, дараагийн жилээсээ зээл авч, батлан даалтыг нь гаргуулж хариуцаад явах хэрэгтэй" гэв.
"БАГАНУУР" ХК-ИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ӨРГӨТГӨХ 210 ТЭРБУМААС 42 ТЭРБУМЫГ НЬ ШИЙДНЭ
"Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд:
-Манай байгууллага 48 жилийн түүхтэй. Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай гэдэг утгаараа эрчим хүчний нүүрсний хэрэглээний 60 хувийг дангаараа хангадаг. Нийт 1200 ажилтантай. Ерөнхий сайд Н.Учрал Багануурын уурхайд ажиллаж байгаа гол зорилго бол Засгийн газрын 2025 оны 20 дугаар тогтоолоор манай уурхайг түшиглэн нүүрс-пиролезийн үйлдвэр барих асуудалтай танилцаж, холбогдох шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар гаргахаар боллоо.
Өнөөдөр нүүрс-пиролезийн үйлдвэрийг манай уурхайг түшиглэснээрээ компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Бидний хийсэн тооцооллоор 210 тэрбум төгрөгөөр компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжинд 2026 онд шаардлагатай 42.5 тэрбум төгрөгийг толгой компани болох "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-д хариуцуулж байна. Тийм учраас цаашдаа бид бүхэн эх орныхоо гал голомтыг сахиж, хамгаалдаг учраас маш хариуцлагатай үүрэг ирж байна гэж ойлгож байна" гэсэн юм.
Нийтэлсэн огноо2026-07-06





