Нийслэлийн өр 4.6 их наяд төгрөгт хүрчээ www.news.mn
Нийслэлийн төсвийн 2025 оны санхүүгийн нэгтгэлд дурдсанаар өр төлбөр дансны үлдэгдэл 4.58 их наяд төгрөг болж, жилийн дотор 718.7 тэрбумаар өссөн байна. Нийт өрийн 322 тэрбум нь богино хугацаат төлбөр бол 4.26 их наяд нь урт хугацаат ангилалд багтаж байгаа.
Өнгөрсөн 2024 онд 3.9 их наяд орчим байсан хотын өр ийнхүү өсөхөд, дотоод болон гадаад зах зээл дээр өрийн бичиг гаргасан нь голлон нөлөөлсөн байна.Улаанбаатар хот УИХ-ын 2024 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 201, 264, 265 дугаар тогтоол, нийслэлийн ИТХ-ын 2024 оны 47, 48, 89 дүгээр тогтоолуудын дагуу гадаадын зах зээлд 500 сая ам.доллар, дотоодын зах зээлд 1 их наяд төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрлийг авсны дагуу 2024 онд 2.5 их наяд төгрөгийн бонд гаргасан.
Тухайлбал, Засгийн газрын 2024 оны 201 дүгээр тогтоолоор дотоодын зах зээлд гаргах 500 тэрбум төгрөг хүртэлх бондыг “Би Ди СЕК”, “Эм Ай Си Си”, “Таванбогд Капитал”, “Ти Ди Би Секьюритис”, “Голомт капитал” ХХК зэрэг андеррайтер компаниудтай хамтран ажиллаж, дотоодын арилжааны банкуудаас 500 тэрбумыг зээлсэн.
Үүнд, жилийн хугацаатай, 14 хувийн хүүтэй 300 тэрбум, 2 жилийн хугацаатай, 13 хувийн хүүтэй 100 тэрбум, 1 жилийн хугацаатай, 12 хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн үнэт цаас багтаж байгаа.
Энэхүү санхүүгийн эх үүсвэрийн 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн 300 МВт-ийн цахилгаан станцыг барих төсөлд оруулсан бол үлдсэн 150 тэрбумаар Улаанбаатар хотын авто замыг сайжруулах, бродюр солих ажилд зарцуулсан. Үлдсэн 50 тэрбум төгрөгийг нь ариутгах бохир усны Туул-1 коллектор болон үерийн байгууламж сайжруулах зэрэг бүтцийн төсөлд зарцуулж талаар эх сурвалжууд мэдээллэдэг. Өнгөрсөн 2025 онд энэ зээлээс 100 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийж, 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Гадаадын зах зээлд гаргасан 500 сая ам.доллар хүртэлх бондын тухайд 7.75 хувийн хүүтэй, 2.75 жилийн хугацаатай. Хаалттай хэлбэрээр бонд гаргах ажиллагаа Австри улсын Вена хотын Wiener Börse бирж дээр 2024 оны аравдугаар сарын 30-нд болон арваннэгдүгээр сарын 13-нд зохион байгуулагдаж Blackrock, Pimco зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө босгосноор 2024 онд 2 их наяд төгрөгийн гадаад үнэт цаас тайлагнасан.
Гадаад бондын хөрөнгийг “Сэлбэ хорин минутын хот корпорац” захиран зарцуулж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 158 га газарт 12,000 айлын орон сууц барих дахин төлөвлөлийг хариуцсан. Одоогоор гадаад бондын хөрөнгөөс 1.6 их наяд төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулагдахгүйгээр арилжааны банкнуудад хадгаламж хэлбэрээр байршиж байгаа аж.
Нийслэл 2025 оноос гадаад зах зээлд 500 сая ам.доллар, дотоод зах зээлд 1 их наяд төгрөгийн урт хугацаат үнэт цаасны эргэн төлөлтийг эхлүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 302.7 тэрбум төгрөг төлсөн байна. Жишээ нь, гадаад бондын хүүгийн төлөлт хийхэд ханшийн зөрүүнээс 68.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
Нийтэлсэн огноо2026-08-05





