Орост боловсруулсан нефтийн хэмжээ 30 гаруй хувиар буурчээ www.montsame.mn
Өнгөрсөн 7 дугаар сард Орост боловсруулсан газрын тосны хэмжээ хоногт 3.6 сая баррель болсон нь ердийн үеийнхээс гуравны нэгээр буурчээ. Украины дронууд Оросын газрын тосны байгууламжуудад цохилт өгсний улмаас боловсруулалтын хэмжээ 2002 оны 5 дугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Энэ тухай EA Analytics төвийн мэдээллийг эш татан Блүүмбэрг агентлаг уламжиллаа.
Оросын тал агаарын довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлснээр байндаа хүрч буй дронуудын тоог цөөрүүлж чадах боловч нефтийн байгууламжуудыг бүрэн хамгаалж чадахгүй гэж Берлин дэх Карнеги төвийн шинжээч С.Вакуленко дүгнэжээ.
Москва ба Киевийн хийсэн мэдэгдлүүдэд үндэслэсэн Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд, газрын тос тээвэрлэгч танкер хөлөг онгоцууд, тэнгисийн тээврийн дэд бүтэц болон нефть дамжуулах хоолойнууд зөвхөн 7 дугаар сард гэхэд 30-аас доошгүй удаа дроны цохилтод өртсөн байна.
Өнгөрсөн сард Украины довтолгооны тактик өөрчлөгдсөөр байв. Сарын эхний хагаст голчлон нефть боловсруулах үйлдвэрүүд рүү довтолж байсан тул Оросын үйлдвэрлэгчдийн гадаадад борлуулсан нефтийн хэмжээ дээд хэмжээнд хүрчээ.
Харин сарын сүүлийн хагаст Украины тал танкерууд ба тэнгис дэх дэд бүтцүүдэд цохилт өгөх болсноос Оросын өмнөд нутаг дахь боомтуудаас нийлүүлэх нефтийн хэмжээ буурсан байна.
Иймээс Оросын хувьд нефтээ Новороссийск хотоос Балтийн тэнгис дэх боомтууд шилжүүлэх боломж байгаа боловч эдгээр боомт мөн адил цохилтод өртсөөр байгаа тухай геополитикийн дүн шинжилгээ хийдэг Rystad Energy AS компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Хорхе Леон ярилаа.
Үүнтэй зэрэгцээд 7 дугаар сарын 23-нд Европын Холбооноос Оросын эсрэг авсан 21 дэх багц хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлжээ. Энэ нь нефтийн борлуулалтаас Оросын төсөвт орох мөнгөний хэмжээг хязгаарлахад чиглэсэн хориг юм.
Нийтэлсэн огноо2026-08-05





