Б.Дуламсүрэн: Монгол аялахад аюулгүй улс гэсэн нэр хүндээ алдах эрсдэлд ороод байна www.itoim.mn
Шатахууны хомсдол аялал жуулчлалын салбарыг тэг зогсолт хийхэд хүргээд байна. Хэрэв ойрын хугацаанд төрөөс тодорхой зохицуулалт хийхгүй бол тус салбар 1.2 их наяд төгрөгийн орлого алдаж, валютын урсгал тасалдаж 300 тэрбум төгрөг гадагш гарахаас гадна Монгол Улс аюулгүй аялах боломжтой улс гэсэн олон жилийн турш бүрдүүлсэн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байгаа юм. Шатахууны хангамжийн доголдол аялал жуулчлалын салбарт ямар хүндрэл учруулж байгаа, үүнээс гарахын тулд төрөөс ямар шийдвэр яаралтай гаргах шаардлагатай талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Шатахууны хомсдолоос шалтгаалан аялал жуулчлалын салбар 0 зогсолт хийхэд хүрсэн талаар та мэдээллээ. Салбарт яг юу болоод байна вэ?
-Долоо, наймдугаар сар бол аялал жуулчлалын салбарын хамгийн оргил үе. Манай улс наймдугаар сард өнгөрсөн оны түвшинд гэж тооцоход 120 мянга, хэвийн өсөлттэй гэж үзвэл 150 мянга орчим жуулчин хүлээн авахаар байна. Есдүгээр сарын баталгаажсан захиалга өнөөдрийн байдлаар 70 мянгад хүрсэн. Энд сүүлд ирсэн нэмэлт захиалгыг тооцвол нийт 80 мянга орчим жуулчинг хүлээн авна. Ойрын хугацаанд 200 гаруй мянган жуулчин хүлээн авах нөхцөл бүрдсэн. Гэвч жуулчдыг хүлээж авахад саад болох хамгийн том эрсдэл нь шатахууны нийлүүлэлт болж байна. Онгоц шатахуунтай юу, ирснийх нь дараа орон нутгаар аялах шатахуун хангалттай байх уу гэдэг дээр тодорхой хариулт алга. Ийм нөхцөлд жуулчдад итгэлтэйгээр ирээрэй гэж хэлэх боломжгүй байна. Засгийн газраас мэдээллээ нэн даруй ил болгож, аялал жуулчлалын салбарт тусгай зохицуулалт хийх эсэхээ тодорхой мэдэгдэх шаардлагатай. Уг асуудлыг шийдэж чадвал Монгол Улс аялал жуулчлалаа бодлогоор дэмждэг, эрсдэлийн үед зохион байгуулалттай ажиллаж чаддаг улс гэдгээ харуулах боломжтой. Наймдугаар сард аялах 150 мянган жуулчин ойролцоогоор 15 мянган тээврийн хэрэгслээр зорчино. Нэг автомашин дунджаар 300-400 литр бензин зарцуулна гэж тооцвол нийтдээ 6000 тонн шатахуун шаардлагатай гэсэн үг. Энэ хэрэгцээ нэг дор биш аялал жуулчлал төвлөрсөн бүсүүд болох Өмнөговь, Төв аймаг, Хөвсгөл, Тайгын бүс, Улаанбаатар-Тэрэлж, мөн баруун аймгуудаас Ховд, Баян-Өлгий зэрэг чиглэлд төвлөрнө.
-Хэрэв аяллууд цуцлагдвал салбарm болон эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ?
-Аялал цуцлагдсан тохиолдолд салбар нийтдээ 1.2 их наяд төгрөгийн орлого алдах эрсдэлтэй. Жуулчдаас орох байсан валютын урсгал тасалдахаас гадна, урьдчилгаа төлбөрүүдийг буцааснаар 300 тэрбум төгрөг гадагш гарах тооцоо бий. Үүнээс ч илүү ноцтой нь мөнгөөр хэмжих боломжгүй хохирол юм. Аяллаа цуцалсан эсвэл Монголд ирээд шатахуун түгээх станцын дараалалд ихэнх цагаа өнгөрөөсөн жуулчдын сэтгэгдэл ам дамжин түгэж, дараагийн жуулчдын сонголтод шууд нөлөөлнө. Энэ нь Монгол Улсын аялал жуулчлалын нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй. Манай улс цар тахлаас хойш аялал жуулчлалыг дэмжих кампанит ажил, олон улсын үзэсгэлэн, сурталчилгаа, маркетингийг тогтвортой хийсэн. Энэ төрлийн ажлын үр дүн шууд бус хоёр жилийн дараа гардаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, 2022 онд хийсэн сурталчилгаа 2024 онд, 2024 онд хийсэн ажил 2026 онд үр дүнгээ өгч байна. Өнөөдөр бид тэр үр шимийг нь хүртэж эхэлж байхад шатахууны асуудлаас үүдэн сөрөг нөхцөл байдал үүсвэл олон жилийн хөдөлмөр талаар болох эрсдэлтэй.
Аялал жуулчлалын салбарт улс орнуудыг эрсдэлийн түвшнээр үнэлдэг тогтолцоо байдаг. Хэрэв тухайн улсад аялагчдын амь нас, аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүй гэж үзвэл жуулчдын хувьд хар жагсаалтад орсон улс гэж үнэлэгддэг. Дайны нөхцөл байдалтай орнууд ийм ангилалд орж байгаа. Дотоодын хямрал, тогтворгүй нөхцөл байдал ч мөн аялал жуулчлалд сөргөөр нөлөөлдөг. Шатахууны хомсдол ч жуулчдын хувьд яг ийм эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, жуулчин манайд ирээд үзэсгэлэнтэй байгальтай газар аялаж байгаа ч дараагийн сум хүртэл 60 км явах уу, 100 км явах уу, очих газартаа шатахуун олдох уу гэдгээ мэдэхгүй. Тэд ийм эрсдэлийг өөр дээрээ үүрч аялж чадахгүй. Ийм айдас төрөх нь тухайн хүний хувьд насан туршийн таагүй дурсамж болж үлдэнэ. Энэ нь зөвхөн нэг жуулчны асуудал биш. Тэр хүн эх орондоо очоод Монголын талаар сөрөг туршлагаа бусдад ярьж, "тэр улс руу битгий аялаарай" гэсэн ойлголт түгээх эрсдэлтэй. Аялал жуулчлалын салбар дэлхий даяар хүмүүсийн бодит туршлага, ам дамжсан үнэлгээн дээр тулгуурлан хөгждөг. Нэг хүний эерэг туршлага дараагийн жуулчныг татдаг бол сөрөг туршлага нь олон хүнийг буцаадаг. Өнөөдөр бидний хамгийн их болгоомжлох ёстой зүйл нь энэ эерэг туршлагыг хар, сөрөг туршлага болгохгүй байх явдал.
-Шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар та бүхэн өмнө нь холбогдох газруудад хандаж байсан гэсэн. Тухайн үед ямар мэдээлэл өгсөн бэ?
-Дайны нөхцөл байдал үүссэнээс хойш буюу дөрөвдүгээр сараас эхлэн Европын олон жуулчин аяллаа цуцалсан. Тэд дайны бүсийн дээгүүр нислэг үйлдэх эрсдэлтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Төв Ази, Ойрх Дорнод, тэр дундаа Ираны орчимд чиглэсэн аяллууд ч мөн олноороо цуцлагдсан. Яг тэр үед бид холбогдох яамдад хандаж, нөхцөл байдлын талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ гэж тодруулж байсан. Тухайн үед “ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилнэ, улсын нөөц хангалттай байгаа, дайны нөхцөл байдал манайд нөлөөлөхгүй” гэсэн мэдээллийг өгсөн. Засгийн газар албан ёсоор ийм мэдээлэл өгч байхад бид түүнтэй зөрчилдөн нөхцөл байдал өөр байна гэж харилцагчид болон жуулчдад мэдээлэх боломжгүй. Төрөөс өгсөн мэдээлэлд итгэж түүнд үндэслэн үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрээд байна. Засгийн газар иргэдийн санаа зовнилыг намжаахын тулд бодит нөхцөлөөс зөрсөн мэдээлэл өгөх нь цаагуураа бусад салбар, аж ахуйн нэгжүүдийг хохироож байна. Үүнийг анхаарах л хэрэгтэй байгаа юм.
-Та бүхний зүгээс Засгийн газар болон холбогдох сайд нарт ямар шаардлага, хүсэлт хүргүүлж байгаа вэ?
-Салбарын сайд нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байгаа. Өөрийн чиг үүргийн хүрээнд арга хэмжээ авч, асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа мэдэгдсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханаас асуух зүйл бол агаарын тээвэр хэвийн явах уу гэх асуулт. Бид агаарын тээвэрлэгчидэд хандаж албан бичиг явуулахад мэдээлэл өгөх боломжгүй гээд байна. Бензин тасалдах уу нөөц хэр үлдсэн бэ, дараагийн нөөц хэзээ ирэх вэ, хэдэн төгрөгөөр ирэх вэ гэдэг мэдээлэлгүй болоод байна. Эдгээрийг мэдээллийг тодорхой болгож өгнө үү гэж хүсэж байгаа. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас газраар явж байгаа шатахуун түгээлтэд аялал жуулчлалд зориулсан системтэй зохицуулалт хийж өгөөч гэж хүсэж байгаа. Энэ сард хэрэгтэй байгаа 6000 тонн бензин бол улсын сарын хэрэглээний 10 хувьтай тэнцэх хэмжээ. Уг 10 хувийг хязгаарлалт тавихгүйгээр олгож, нөөцийн савийг нь дүүргэж, сум дундын цогцолборт таг зогсохгүй байх зохицуулалтыг хийж өгөөсэй. Хамгийн чухал нь гурван сайдтайгаа л уулзчихмаар байгаа юм.
-Хэрэв ойрын өдрүүдэд шийдвэр гарахгүй бол аялал жуулчлалын салбарт тулгарах хамгийн муу хувилбар юу байх вэ?
-Бидний тавьж байгаа шаардлагууд хэрэгжихгүй бол аялал жуулчлалын салбар руу чиглэж байсан мөнгөн урсгал бүхэлдээ тасалдах эрсдэлтэй. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд 1000 орчим байгууллага бүртгэлтэй байдгаас 530 нь тур оператор компани. Эдгээр компани улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн орлого оруулдаг. Хэрэв өнөөгийн нөхцөл байдал үргэлжилбэл зөвхөн санхүүгийн хувьд 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй. Мөнгөөр хэмжих боломжгүй хамгийн том эрсдэл нь олон жил хамтарч ажилласан гадаад харилцагчдаа алдах, Монгол Улсыг аюулгүй аяллын зах зээл биш гэсэн ойлголт олон улсад бий болох явдал. Манай салбарын урт хугацааны стратеги бол эхлээд улсаа өргөн хүрээнд сурталчилж, масс аялал жуулчлалыг хөгжүүлж дараа нь жуулчдын эерэг туршлагад тулгуурлан өндөр үнэ цэнтэй, чанартай аялал жуулчлал руу шилжих. Ингэснээр нэг жуулчнаас олох орлого өснө. Өндөр төлбөр төлдөг, чанартай аяллыг сонгодог жуулчид хамгийн түрүүнд аюулгүй, эрсдэлгүй улсыг сонгодог. Цар тахлын дараа бидний хийсэн ажлын үр дүнд Монгол Улс дэлхийн заавал очиж үзэх ёстой болон аюулгүй аялж болох орны жагсаалтад багтаж чадсан. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал энэ олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон нэр хүндийг алдах эрсдэлийг дагуулж байна.Аялал жуулчлалын салбарт 80 мянга орчим хүн шууд болон шууд бусаар ажиллаж байна. Энэ хүмүүсийн ажлын байр, орлого, цаашдын амьжиргаа бүгд энэ асуудлын шийдлээс шууд хамаарч байна.
-Төрийн шийдвэрийг хүлээх хугацаанд салбар дотооддоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Салбарын хэмжээнд компаниуд асуудлаа өөр өөрийнхөөрөө шийдэхийг оролдож байна. Зарим тур оператор шатахууны талон урьдчилан худалдан авч, шатахуун түгээх компаниудтай гэрээ байгуулан төлбөрөө хүртэл урьдчилж төлсөн. Гэвч энэ нь асуудлыг шийдэж чадахгүй байна. Учир нь шатахуун түгээх станцууд холбогдох төрийн байгууллагаас аялал жуулчлалын компаниудад шатахуун нийлүүлэх талаар тодорхой чиглэл, зөвшөөрөл аваагүй байгаа тул урьдчилгаа төлбөрөө авсан ч шатахуунаа олгохгүй байх тохиолдол гарч байна. Ингэснээр компаниудын мөнгө түгжигдэж, санхүүгийн дарамт улам нэмэгдэж байна.
Шатахуун нөөцлөх тухай асуудлыг ярьж байгаа ч тур оператор компаниуд өөрсдөө их хэмжээний шатахуун хадгалах боломжгүй. Шатахууныг стандартын шаардлага хангасан ихэвчлэн газрын доорх саванд хадгалах ёстой юм байна. Гэтэл ийм зориулалтын агуулах, савны багтаамж маш хязгаарлагдмал. Тиймээс компани бүр тус тусдаа шатахуун нөөцлөөд асуудлаа шийдэх боломжгүй. Аялал жуулчлалын компаниуд бүгд хариуцлагын даатгалтай ажилладаг. Гэхдээ дотоодын компани дотоодын даатгалын байгууллагатай хамтарсан гэрээтэй байдаг. Мэдээж одоо үүсээд байгаа асуудал даатгалд хамаарна. Харин хамгийн том асуудал нь үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг юм. Хэрэв компаниуд форс-мажор нөхцөл зарлаж, аяллаа цуцалбал хамгийн түрүүнд жуулчин хохирно. Харин хохирсон жуулчин дахин манайхыг сонгохгүй, цаашлаад манай улсын талаар сөрөг мэдээлэл түгээх эрсдэлтэй. Тиймээс тур операторууд бизнесээ, урт хугацааны харилцагчдаа алдахгүйн тулд жуулчдын хохирлыг өөрсдөө барагдуулахыг илүүд үзэж байгаа. Эцсийн дүндээ бүх санхүүгийн дарамт аялал жуулчлалын салбар дээр бууна, хамгийн их хохирлыг өөрсдөө үүрч байна.
-Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар шатахуунаа гэрээний үндсэн дээр тогтвортой авдаг. Аялал жуулчлалын салбарт ийм тогтолцоо бий болгох боломж байгаа юу?
-Аялал жуулчлалын салбарынхан шатахууны хангамжийг тогтвортой байлгах зорилгоор Петровис, МТ зэрэг шатахуун түгээх компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар ярилцаж байгаа. Гэхдээ зохицуулах шаардлагатай хэд хэдэн асуудал үүсээд байна. Тур оператор компаниуд ихэвчлэн жолооч нартай гэрээ хийж хамтран ажилладаг. Энэ утгаараа нэг жолооч нэгэн зэрэг хэд хэдэн компанид ажиллах боломж бий. Ийм нөхцөлд шатахууны хөнгөлөлт, эрхийг жолоочид олгох уу, эсвэл компанид олгох уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Учир нь жолооч шатахуун авах үедээ тухайн өдөр аль компанийн аяллыг гүйцэтгэж байгаагаас шалтгаалан өөр өөр компанийн шатахууны эрхийг ашиглах нөхцөл үүсдэг. Уг шалтгаанаар санамж бичгийн хэрэгжилт түр хойшилсон. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Бид хэл амаа ололцоод удахгүй ярилцаад шийднэ. Эцсийн шийдэл нь жолооч, аялал жуулчлалын компани болон шатахуун түгээх байгууллагууд гэсэн гурван талын хамтын ажиллагаанаас л хамаарна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-08-05





