Гадаад иргэд рүү халдсан хэргийг шалгаж байна www.news.mn
Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн хэрэг явдал болсон.
Уг асуудлыг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Энэ талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас "Аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөнө үү. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг эргэн мэдээлэх болно" гэжээ.
Харин Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дээрх үйл явдлын талаар "Энэ хэтэрч байна! Хууль сахиулах байгууллагуудыг ажлаа хийхийг шаардана!
Монгол Улс хуультай орон. Хууль ёсоор хөрөнгө оруулалт хийж манай улсын хууль, дүрмийг мөрдөж байгаа хэн бүхнийг бид ажлаа чөлөөтэй хийх боломжоор хангах ёстой!
Дотооддоо шатахуунтай болж хүнээс царайчлахгүй болоход дотоодын газрын тос хамгийн чухал зүйл нь юм. Түүнийг хайх, олборлох, боловсруулах гэдэг бол маш их хөрөнгө мөнгө, хүчин зүтгэл шаардсан ажил. Хэн хүссэн бүхэн чаддаг, дийлдэг зүйл огт биш!
Яагаад бид нар шатахууны хүндрэл болох бүрд хүнээс гуйж аргацаагаад, дотоодоос үл шалтгаалах шалтгаанаар үүссэн хомсдол, үнийн өсөлтөд өмнө нь салбар хариуцаж байхдаа сав агуулахын хүчин чадлаа нэмэх, дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх зэрэг урт хугацааны сөрөн тэсвэрлэх чадвараа сайжруулах бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй "суугаад өнгөрсөн" өмнөх дүрүүдийнхээ лайг үүрч яваа салбар хариуцсан нөхрийг харааж дайрч таашаал аваад, байдал түр дээрдэхэд нь ахиад мартаад явах ёстой юм бэ?!
"Шатахуун олж ир" гэж намайг загнахын хажуугаар газрын тос, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг төр, хувь, иргэн гэлтгүй бүгд өмөөрдөг баймаар байна. Хамтдаа хичээхгүй л бол бид энэ харанхуй тойргоос гарахгүй шүү дээ" гэж нүүр номын хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2026-08-16





