Арвайхээрийн дулааны станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ www.news.mn
Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 19-нд Өвөрхангай аймагт ажиллаж, Арвайхээр суманд барьж буй дулааны станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Тус дулааны станцын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилтээс шалтгаалан зогсонги байдалд орсон байна. Ерөнхий сайд төслийн санхүүжилтийг 2027 оны төсөвт тусган шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээ илэрхийлэв.
Засгийн газраас Оюутолгой төслөөс Монгол Улсад ногдох ногдол ашгийн орлогыг ашиглан есөн аймгийн дулааны станцын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Мөн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машин, Хужирт сумын ЗДТГ-т албаны авто машин олгож, хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, шуурхай, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд эдгээр хөрөнгө оруулалт нь чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлон хэлэв.
Ерөнхий сайд Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Хангайн бүсийн МАН-ын анхан шатны гишүүдийн уулзалт, удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, мөрийн хөтөлбөрийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Нийтэлсэн огноо2026-09-21





