26 мянган хүн ургац хураалтад оролцож байна www.news.mn
Улсын хэмжээнд есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 24.6 мянган га талбайг ангилан хадаж, 85.3 мянган га талбайгаас 138.3 мянган тонн үр тариа, 6.7 мянган га талбайгаас 81.8 мянган тонн төмс, 5.5 мянган га талбайгаас 79.4 мянган тонн хүнсний ногоо, 17.6 мянган га талбайгаас 54.1 мянган тонн малын тэжээл, 3.7 мянган га талбайгаас 3.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураалт 33.3 мянган га буюу 45.7 хувиар, төмсний ургац хураалт 3.2 мянган га буюу 48.5 хувиар, хүнсний ногооных 1.4 мянган га буюу 25.5 хувиар, таримал тэжээлийнх 16.4 мянган га буюу 92.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин тосны ургамлын ургац хураалт өнгөрсөн оны мөн үеэс 5.1 мянган га талбайгаар бага байна.
Ургац хураалтын ажилд нийт 951 комбайн, 609 жатка, 230 үтрэмд 1058 үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Техникийн иж бүрдлийг тооцоход ургац хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах боломжтой байна.
Мөн ургац хураалтад их, дээд сургуулийн 800 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 545 сонсогч, Хил хамгаалах байгууллагын 62 цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 159 алба хаагч, Зэвсэгт хүчний жанжин штабын 16 анги нэгтгэлийн 1293 цэрэг, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 630 сонсогч оролцож байна. Үүнээс гадна байнгын 21,500, түр 393 ажилтан ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 26 мянган хүн ургац хураалтын ажилд оролцож байна.
Нийтэлсэн огноо2026-09-27





