Улаанбаатарт өнөөдөр 5 цагийн дотор 240 зам тээврийн осол гарчээ www.news.mn
Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ний өглөө улирлын анхны нойтон цас орж, агаарын температур огцом буурсантай холбоотойгоор замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрчээ.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд өглөөний 06:00-11:30 цагийн хооронд 240 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Нойтон цас орж, замын гадаргуу халтиргаа гулгаатай болсон нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд нийслэл орчимд нойтон цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд шөнөдөө температур буурч, зам талбайд хөлдөлт үүсэх нөхцөл бүрдэхээр байна. Энэ нь өглөө, оройн цагаар замын халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байгаа юм. Иймд Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг цаг агаар болон замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслээ жолоодохыг онцгойлон анхаарууллаа. Мөн жолооч нарыг өвлийн дугуйгаа яаралтай солихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөжээ. Учир нь халтиргаатай замд өвлийн дугуй ашигласнаар автомашины зогсох чадвар 30-40 хувиар нэмэгддэг байна. Хүйтний улирал эхэлж, цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед жолооч нар тээврийн хэрэгслийнхээ дугуй, тоормос болон бусад эд ангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох шаардлагатай.
Замын нөхцөл хүндэрсэн үед ялангуяа огцом тоормослох, гэнэт эгнээ солих, хурд хэтрүүлэх нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бусад замын хөдөлгөөнд оролцогчдодоо хүндэтгэлтэй хандахыг мэргэжлийн байгууллагуудаас сануулж байна. Иргэд, жолооч нар цаг агаарын мэдээ болон замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол авч, шаардлагагүй тохиолдолд автомашинаар зорчихгүй байх, зорчих шаардлагатай бол хурдаа тохируулан, хоорондын зайгаа барьж хөдөлгөөнд оролцох нь зүйтэй юм.
Нийтэлсэн огноо2026-09-29





