500 оюутны хотхон ашиглалтад орууллаа www.montsame.mn
Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад зориулан Улаанбаатар хотод байгуулсан “South Gobi Tower” оюутны хотхоны нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 3-нд зохион байгууллаа.
Тус хотхон нь 11 давхар бөгөөд нийт 500 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Оюутнуудын суралцах, амьдрах орчныг бүрдүүлж, номын сан, спорт заал, нийтийн гал тогоо болон бусад үйлчилгээний хэсгийг цогцоор нь шийдсэн байна.
Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод 2024-2025 оны хичээлийн жилд 1300 гаруй оюутан суралцсанаас 516 нь Даланзадгад сумын харьяат байжээ.
Оюутны хотхоныг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд барилгын ажлыг “Мэнд констракшн” ХХК гүйцэтгэсэн байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Дэжид, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж, сумын ИТХ-ын төлөөлөгчид, оюутан, эцэг эхийн төлөөлөл оролцжээ.
Өмнөговь аймаг оюутан, залуучуудын боловсролыг дэмжих бодлогын хүрээнд сургалтын тэтгэлэг олгох, гадаадын их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд нийт 137 оюутан орон нутгийн тэтгэлэгт хамрагджээ.
Мөн “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон аж ахуйн нэгжийн дэмжлэгээр 500 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна.
Ийнхүү Өмнөговь аймаг Улаанбаатар хотод суралцаж буй харьяат оюутнуудын амьдрах, суралцах орчныг сайжруулахын зэрэгцээ сургалтын тэтгэлэг, залуучуудын хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан залуу үеийнхний боловсрол, хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
Нийтэлсэн огноо2026-10-04





