ФИФА-гаас үндэсний холбоо бүрд 25 сая доллар олгоно www.montsame.mn
Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ санхүүжилтээ нэмэгдүүлж, дараагийн дөрвөн жилийн мөчлөгийн хугацаанд үндэсний холбоодод тус бүр 25 сая доллар олгохоор төлөвлөж байна. Энэ тухай АР агентлаг мэдээлснийг Kazinform дамжууллаа.
Хөтөлбөрийн нийт мөнгөн дүн 6.35 тэрбум ам.доллар болох бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 10 сая доллар олгохоор өмнө нь төлөвлөж байсантай харьцуулахад 2.5 дахин өссөн байна.
Үүнтэй холбогдуулан ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино тивүүдийн зургаан холбооны тэргүүн нарт захидал илгээж, хөтөлбөрийн эцсийн хувилбарыг ФИФА-гийн зөвлөл 12 дугаар сард бэлэн болгож, улмаар ирэх оны гуравдугаар сард болох холбооны их хурлаар батална гэдгийг мэдэгджээ.
Хөл бөмбөгийг хөгжүүлэх зорилгоор ДАШТ-ээс орсон орлогын зарим хэсгийг үндэсний холбоод, тивүүдийн холбоодод хуваарилахаар ФИФА төлөвлөж байна. Энэ оны ДАШТ-д 48 баг оролцсоноос үүдэн санхүүгийн байдал сайжирсан тул нөөцөөс 3.5 тэрбум доллар гаргах бололтой.
Урьдчилсан тооцоогоор, ДАШТ-2026 болон 2022-2026 оны мөчлөгийн үеийн нийт орлого 15 тэрбум орчим долларт хүрэх төлөвтэй байгаа нь өмнө нь таамаглаж байснаас багагүй хэмжээгээр давжээ.
Өмнө нь мэдээлж байснаар, 2026 онд Казахстаны өсвөр, залуучуудын хөл бөмбөгийг хөгжүүлэхэд зориулан ФИФА-гаас 250 мянган доллар олгохоор болсон билээ.
Нийтэлсэн огноо2026-10-15





