Трампын засаг захиргаа иргэдэд олгосон 300 мянга гаруй визийг цуцалжээ www.itoim.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойш гадаадын иргэдэд олгосон 300 мянга гаруй визийг цуцалсан талаар тус улсын Төрийн департамент мэдээлжээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ, Трампын засаг захиргаа өмнөх засаг захиргаануудаас илүү олон визийг богино хугацаанд цуцалсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр хууль зөрчсөн, залилан мэхэлсэн болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын иргэдэд хатуу арга хэмжээ авах аж.
Трамп цагаачлалын хатуу бодлого, хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаагаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж тайлбарладаг. Харин хүний эрхийн байгууллагууд эдгээр арга хэмжээ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхах эрсдэлтэй гэж шүүмжилж байна.
Тухайлбал, Израилийн Газын зурваст явуулж буй дайныг эсэргүүцсэн, Палестиныг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн гадаадын иргэдийн визийг цуцалсан тохиолдлууд маргаан дагуулжээ. Мөн консерватив үзэл баримтлалыг сурталчлагч Чарли Киркийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар нийгмийн сүлжээнд сэтгэгдэл бичсэн гадаадын иргэдийн визийг цуцалсан байна.
Үүнээс гадна Трампын засаг захиргаа цагаачид болон виз хүсэгчдийн нийгмийн сүлжээн дэх үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгажээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор засаг захиргааг шүүмжлэгчдийг онилж, цөөн тооны залилангийн хэргээр шалтаглан тодорхой цагаачдын бүлгийг бүхэлд нь сэжиглэх хандлага гаргаж байна гэж үздэг.
Трамп 2024 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачлалыг зогсоохоо амлаж байсан ч түүний засаг захиргааны бодлого хууль ёсны цагаачлалд ч нөлөөлжээ. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн зарим төрлийн визийн хураамжийг нэмэгдүүлснээр АНУ-ын компаниуд гадаадаас нарийн мэргэжлийн ажилтан авахад тавигдах санхүүгийн босго өссөн байна.
Эх сурвалж: Reuters
Нийтэлсэн огноо2026-10-22





