Нөмрөгийн түймрийг Японы хэвлэлүүд онцолж, Японы Элчин сайдын яам харамсал илэрхийлэв www.itoim.mn
Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувийг хамарсан түймэрт Японы KDDI группийн охин компани болох Мобиком корпорацийн удирдлагууд холбогдоод буй. Монголын талаас энэхүү түймрийн хохирлын хэмжээ болон буруутай этгээдийг 30 хоногийн дотор тогтоох хуулийн хугацаатай ажиллаж байгаа аж. Түймэртэй холбогдоод байгаа Мобикомын толгой компани KDDI групп уучлалт гуйж, асуудал Японы хэвлэл, олон нийтийн анхаарлын төвд орж эхэллээ
Юу болсон бэ
2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Нөмрөгийн дархан цаазат газрын хатуу хамгаалалттай бүсэд түймэр гарч, 16-ны өглөө бүрэн унтарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны урьдчилсан тоогоор 528,765.5 га талбай шатсанаас 469 мянга орчим га нь дархан цаазат газрын дотор буюу хамгаалалтын бүсийн 79.8 хувийг эзэлжээ.
Тухайн дархан цаазат бүс нутагт Мобиком корпорацийн удирдлагууд нэвтэрсэн үед нэг машинаас нь гал гарснаас болж түймэр газар авсан гэж Монголын хэвлэлүүд мэдээлж буй.
Эрх баригчид юу ярив
Шадар сайд Н.Номтойбаяр "Дархан цаазат газарт хэн дуртай нь ордог юм биш. Хэдий УИХ-ын гишүүн байлаа ч зөвшөөрөл авч нэвтэрдэг газар. Нөмрөгийн застав руу шилэн кабель Мобиком тавина гэж би огт сонсоогүй. Тэнд шилэн кабель тавиад байх шаардлага ч байхгүй. Хууль зүйн хувьд мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаж, гал тавьсан нөхдүүдээр хохирлыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага ч тооцох байх. Хоосон "уучлаарай" гэдэг үгээр яах билээ" гэсэн юм.
Мөн энэ долоо хоногт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Нөмрөгийн түймрийн эзэн холбогдогч нь тодорхой учраас хохирлын хэмжээг тогтоох ажлыг шуурхайлж байна. Хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр тооцохгүй бөгөөд ой, ургамал, агаар, хөрс, газрын хэвлий, ан амьтан зэрэг бүх бүрдэл хэсгээр хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох хуулийн хүрээнд авна" гэдгийг онцолсон.
Монголын эрх баригчид, албаныхан түймэр Мобикомын удирдлагуудын зорчиж явсан машинаас гарсан гэж мэдээлсэн.Компани 4G сүлжээний туршилт хийж явсан гэж тайлбарлаж байгаа бол зарим хэвлэлээр ховор тул загас барих, ан хийх төлөвлөгөөтэй дархан цаазат газар руу нэвтэрсэн гэх мэдээлэл гарсан ч энэ нь батлагдаагүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Японы хэвлэлүүд юуг онцлов
Японы хэвлэлүүд аравдугаар сарын 19-өөс хойш Монголд гарсан Нөмрөгийн түймрийн асуудлыг онцолж байна. Kyodo агентлагийн мэдээг Никкэй нийтэлж, Fuji TV, TV Asahi, NEWS Post Seven, Alterna зэрэг хэвлэлүүд Мобиком корпорацийн толгой компани болох KDDI-ээс тайлбар авч мэдээлсэн. TV Asahi "Монголчуудын уур хилэн дээд цэгтээ хүрлээ" гэсэн гарчигтай нийтлэл гаргасан байна.
KDDI-ийн зүгээс тайлбар өгөхдөө нэн түрүүнд харамсаж, уучлалт гуйж байгаагаа илэрхийлж, түймэр гарсан өдөр Мобикомын япон удирдлагууд 4G сүлжээний туршилт хийхээр дархан цаазат газарт очсон байсан нь үнэн гэдгийг хэлсэн байна. KDDI галын шалтгааныг Монголын эрх бүхий байгууллага шалгаж байгааг онцолж, цаашид хээрийн ажлын журам, аюулгүй ажиллагааны дүрмээ бүрэн шинэчлэхээ амласан байна. Харин Японы сэтгүүлчид "ховордсон зүйл болох загас барих зорилготой байсан уу" гэж асуухад компани тодорхой хариулт өгөөгүй байна.
Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Очи Ясүхиро монголчуудаас олон нийтийн өмнө уучлалт гуйсан.
Түймрийн асуудал Японы нийгмийн сүлжээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, сэтгэгдлүүдэд бухимдал давамгайлж байна. Зарим нь загас агнах зорилготой байсан гэх мэдээллийг дурдан KDDI-ээс хариулт нэхэж, зарим нь энэ явдал Монгол дахь бүх япон компанийн нэр хүндийг унагаана гэж санаа зовнижээ. Мөн аравдугаар сарын 8-нд гарсан явдлыг Японд яагаад ийм хожуу мэдээлэв гэж гайхсан хүмүүс ч байжээ.
Өнөөдөр Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын яам энэ асуудлаар мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд:
"Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.
Энэхүү хээрийн түймэртэй холбоотой хийгдэж буй шалгалт зэрэг нь бодит баримт болон хууль тогтоомжид үндэслэн зохих ёсны дагуу явагдана гэдэгт итгэж байна.
Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпораци" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно" гэжээ.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-23





