Махны үнэ 50 гаруй хувиар өсч, үйлдвэрлэгчдийг шахалтад орууллаа www.itoim.mn
Статистик мэдээллээс харахад махны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 47–59 хувиар өссөн нь иргэдийн өдөр тутмын амьжиргаанд шууд нөлөөлж байна. Махны үнийг дагаад махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч хүнд сорилттой тулгарч байна.
ҮСХ-ны мэдээллээр 2026 оны есдүгээр сард улсын инфляц 12.9 хувьд хүрч, хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өсжээ. Энэ өсөлтийн гол шалтгаан нь мах. Тухайн сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 48.4, хонь, ямааны мах 58.5 хувиар нэмэгджээ.
Өсөлт зуны саруудад оргилдоо хүрэв. Долдугаар сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 55.9 хувиар, хонь, ямааны махны үнэ 63.6 хувиар өссөн байна. Хонины махыг тусад нь авч үзвэл ҮСХ-ны хэрэглээний сагсанд тооцдог хонины мах өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд 15,722 төгрөг байсан бол энэ оны аравдугаар сарын 1-нд 24,308 төгрөг болж, жилийн дотор 55 хувиар үнэ нэмэгджээ.
Зарим сард үнэ маш огцом өссөн. ҮСХ-ны мэдээллээр Улаанбаатар хотод тавдугаар сард махны үнэ нэг сарын дотор дунджаар 12.3 хувиар нэмэгдсэн бол ямааны ястай махны үнэ 16,426 төгрөгөөс 21,328 төгрөг болж, 29.8 хувиар өссөн байна. Долдугаар сарын сүүлээр нийслэлд үхрийн цул мах 38,000 төгрөг, үхрийн ястай мах 33,000 төгрөг, хонины ястай мах 27,000 төгрөгт хүрч байв.
Намрын идэшний улирал эхэлснээр үнэ бага зэрэг тогтворжиж эхэлсэн ч өндөр түвшиндээ хэвээр байна. ҮСХ-ны аравдугаар сарын 5-ны мэдээллээр Улаанбаатарт махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан ч үхрийн цул махны нэг кг-ын дундаж үнэ 34,737 төгрөг байлаа.
Үйлдвэрлэгчид хоёр талаасаа шахагдаж байна
Хиам, зайдас, бууз, банш, махан консерв үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд махны үнэ үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлдөг. Түүхий эдийг өндөр үнээр авснаар бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, өмнөх үнээ хадгалах боломж хумигдаж байна.
Үйлдвэрлэгчдийн хувьд өртгийн өсөлтийг үнэд шингээхээс өөр арга бараг үлдээгүй. Гэвч үнэ нэмбэл хэрэглэгчийн худалдан авах чадварт нөлөөлнө. Тиймээс тэд нэг талаас өссөн зардал, нөгөө талаас борлуулалтаа хадгалах гэсэн хоёр талын дарамттай тулгарч байна.
Ийм нөхцөлд махан бүтээгдэхүүний зах зээлд үнийн өөрчлөлт гарах магадлал өндөр. Өнөөдөр түүхий махны үнийн өсөлтөөр эхэлсэн дарамт боловсруулсан бүтээгдэхүүний үнэд үе шаттайгаар хүрч болзошгүй. Ялангуяа махны орц өндөртэй бүтээгдэхүүний өртөг илүү мэдрэмтгий байдаг.
Үнийн өсөлт хэрэглэгчдийн худалдан авалтын дадлыг ч өөрчилж болно. Иргэд махан бүтээгдэхүүн авах давтамжаа багасгах, савлагаа болон үнийн хувьд хямд сонголт хийх зэргээр зардлаа хэмнэхэд хүрч болох бөгөөд энэ нь үйлдвэрлэгчдийн борлуулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Түүхий эдийн үнийн өсөлт үйлдвэрлэлийн салбарт дам нөлөө үзүүлж эхэлсэн тул махны үнэ буурахгүй бол махан бүтээгдэхүүний үнэ цаашид нэмэгдэх хүлээлттэй байна. Тиймээс махны үнийн асуудлыг зөвхөн түүхий махны худалдааны хүрээнд бус, дотоодын хүнс боловсруулах үйлдвэрлэлийн тогтвортой байдалтай холбон авч үзэх шаардлагатай.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-11-02





