Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн болжээ www.news.mn
Оюутолгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсэж, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол аравдугаар сарын 29-нд гарсан. Осолд өртсөн уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт байсан ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүн биеийн байдал хэвийн, эрүүл энх байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа. Гэхдээ амь насанд эрсдэл учрахуйц бэртэл аваагүй. Мэдээж гэмтэл бэртэл гэдэг төвөгтэй, ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж мэдээлж байв.
Тэгвэл эмнэлгийн тусламж авсан хоёр ажилтны биеийн байдал тогтворжиж, уурхайн үйл ажиллагаа хэвийн болсныг Оюутолгойн хэвлэлийн албанаас өнөөдөр /2026.11.04/ мэдээлэв.
Мэдэгдэлд "Уурхайчдадаа санаа тавьж, дэмжлэг үзүүлсэн нийт хамт олон, тэдний маань ар гэр, түнш байгууллагууд, олон нийт та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн зөвлөгөө чиглэлээр ханган ажиллаж буй холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хоёр ажилтны маань биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байна. Нөхцөл байдлын хяналт, үнэлгээг гүйцэтгэн, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна. Хамт олны маань эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ямагт нэн тэргүүнд тавигдана" гэжээ.
Нийтэлсэн огноо2026-11-04





