Ногоон зээлийн багц 4 жилийн хугацаанд 2.3 дахин нэмэгджээ www.bloombergtv.mn
Оны эхний улирлын байдлаар ногоон зээлийн багцын хэмжээ 875.3 тэрбум төгрөг хүрч, нийт зээлийн гурван хувийг эзэлж байна
Сүүлийн үед эрчим хүчний шилжилтийг дагаад банк санхүүгийн байгууллагууд ногоон зээл олгох, бонд гаргах зэрэг ажлуудыг идэвхтэй явуулах болоод байна. Хэдий тийм боловч эдгээр зээл, санхүүжилт нь яг ногоон технологидоо зөв ашиглагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгааг Олон улсын пассив барилгын зөвлөх А.Амарбаяр мэдээлсэн юм. Тиймээс энэ талд барилгын компаниуд ногоон технологийг зөв суралцаж, стандартын дагуу барих шаардлагатай байгаа гэж зөвлөлөө.
Монголбанкны мэдээлснээр 2024 оны I улирлын байдлаар ногоон зээлийн багцын хэмжээ 875.3 тэрбум төгрөг хүрч, нийт зээлийн гурван хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.
Монголбанк “2030 он гэхэд банкны салбарын олгосон нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх” зорилт дэвшүүлээд байна.
Банкнуудын ногоон орон сууц, эрчим хүчний шилжилтэд чиглэсэн зээлийг харвал Голомт банкнаас 300 сая төгрөг хүртэл хэмжээтэй ногоон амины орон сууц худалдан авах зээлийг олгож байгаа бөгөөд зээлийн хүүг эргэн төлөх хугацаа 20 жил байх нөхцөлтэй аж.
Харин ногоон амины орон сууц барихад 160 сая төгрөг хүртэл хэмжээтэй зээлийг 30 хувийн хүүтэй олгож байна.
Хасбанкны хувьд хэрэглээний ногоон зээл олгож байгаа ба энэ нь зургаан хувийн хүүтэй, 50 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай байгаа юм. Зээл нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, хувийн орон сууцны инженерийн шугам сүлжээнд холбох зориулалттай зэрэг чиглэлээр ашиглах боломжтой аж.
Үүнээс гадна Улаанбаатар хотын анхны ногоон орон сууц энэ оны эцэс гэхэд ашиглалтад орох товтой байна. Тэрхүү орон сууц нь Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байршилтай бөгөөд 110 айлын дөрвөн блок орон сууц байх юм.
Нийтэлсэн огноо2024-11-20