Дэлхийн Банк $225.87 саяын, АХБ $48.17 саяын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлж байна www.bloombergtv.mn
ЕСБХБ Монгол Улсад өнгөрсөн хугацаанд 2.4 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийжээ
Ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр байгаа 14 мега төсөлд 120 их наяд төгрөг шаардагдана гэж Засгийн газар тооцоолж буй. 65 их наяд төгрөгийн санхүүжилтийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх бол үлдсэн 55 их наяд төгрөгийг шийдэхэд олон улсын байгууллагуудын зээл тусламж хэрэг болж таарна. Тиймээс Монголд аливаа том төсөл хэрэгжүүлэхэд гол мэргэжлийн хөрөнгө оруулагч нь болдог олон улсын хөгжлийн банкнуудын зээл, санхүүжилтийн дүнг танилцуулж байна.
unnamed.jpg
Азийн Хөгжлийн банк Монгол Улсад нийт 48.17 сая ам.долларын санхүүжилт бүхий техник туслалцааны 44 төсөл хэрэгжүүлж байна. Нийт төслийн 26 хувийг Төрийн салбарын удирдлагын төсөл, 19 хувийг хөдөө аж ахуй, байгалийн баялаг, орон нутгийн хөгжлийн төсөл эзэлж буй. Цаашдаа хөдөө орон нутгийн төслүүдийн санхүүжилтээ нэмэгдүүлж ажиллах сонирхолтой байгааг тус банк онцолж байлаа.
Дэлхийн Банк Монгол Улсад одоогоор 225.87 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Харин өнгөрсөн хугацаанд нийт 427.5 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлжээ. Үүний 50 хувь нь зам тээврийн салбарт, 18 хувь нь эрүүл мэнд, хүнс, хүн амд чиглэсэн төслүүд байгаа юм. Цаашид Дэлхийн Банк хөрөнгө оруулалтаа 260.05 сая ам.доллар хүргэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк Төв Азийн бүсийн хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд Монгол Улсад өнгөрсөн хугацаанд 2.4 тэрбум шахам еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус банкны Монгол дахь одоогийн багц нь 963 сая еврогоор хэмжигдэж буй. Үүнээс дийлэнх буюу 52 хувийг үйлдвэрлэл, худалдаа, хөдөө аж ахуйн бизнес, 33 хувийг тогтвортой дэд бүтэц, 16 хувийг банк санхүүгийн салбар эзэлж байгаа аж.
Нийтэлсэн огноо2024-11-20