“Xanadu Mines” компани "Сант толгой" төслөөсөө зэсийн өндөр агуулгатай байх боломжтой 4 шинэ бүс илрүүлжээ www.bloombergtv.mn
“Xanadu Mines” компани "Сант толгой" төслийн талбайдаа ирэх оны эхний хагаст 3000 метрийн тандалтын өрөмдөг гүйцэтгэнэ
“Xanadu Mines” компани Завхан аймаг дахь зэсийн "Сант толгой" төслийнхөө геологийн зураглал, гадаргын чулуулгийн дээжийн шинжилгээгээр зэсийн өндөр агуулгатай байх боломжтой дөрвөн шинэ бүс илрүүлснээ мэдээллээ.
Шинжилгээгээр гадаргын чулуулаг дахь зэсийн агууламж 2.1 хувьтай гарснаас гадна нягтын ихээхэн ялгаа бүхий геофизикийн аномали илэрсэн нь тус бүсэд зэсийн эрдэсжилт байх магадлал өндөр гэдгийг харуулж байна.
Тус компани төслийн талбайдаа ирэх оны эхний хагаст 3000 метрийн тандалтын өрөмдөг гүйцэтгэж, зорилтот дөрвөн бүсийн зэсийн сульфид, никелийн агуулгыг судлахаар төлөвлөжээ.
Энэ оны нэгдүгээр сард тус компанид АНУ-д төвтэй “STSM” компанитай гэрээ байгуулж, “Сант толгой” төслийн 80 хүртэлх хувийг эзэмших эрхтэй болсон юм.
Гэрээнд тусгагдсанаар “Xanadu Mines” компани 24 сарын хугацаанд нэг сая ам.долларын хайгуулын хөрөнгө оруулалт хийснээр төслийн 51 хувийг эзэмшинэ. Харин цаашид хайгуулын ажиллагаанд үргэлжлүүлэн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл эзэмшлээ 80 хувьд хүргэх боломжтой юм байна.
Нийтэлсэн огноо2024-11-20