Улаанбаатар хотын бондын арилжаа эцэслэгдэж, $500 саяыг гадаадын зах зээлээс босгов www.bloombergtv.mn
НЗДТГ: Бондын эх үүсвэрийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үе шаттай зарцуулна
Нийслэл Улаанбаатар хотын бондын арилжаа амжилттай эцэслэгдсэнийг “Bloomberg Terminal” дээрх мэдээлэл харууллаа.
7.75 хувийн купонтой, 2027 оны наймдугаар сард хугацаа нь дуусах тус бондыг Австри улсын Хөрөнгийн биржид гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас 500 сая ам.доллар татан төвлөрүүлжээ.
Засгийн газрын баталгаатай, "B" зэрэглэлийн энэхүү бонд нь 99.9 ам.долларын үнэлгээтэй гарснаас хойш ханш нь 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өгөөжийн хувьд 6.6 орчим хувьтай байна.
Бондын эх үүсвэрийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үе шаттай зарцуулна гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн юм. Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд 158 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөж байгаа аж.
Үүнээс өмнө анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондыг санал болгож, эхний ээлжид Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 500 тэрбум төгрөг босгосон юм. Үүнээс 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд зарцуулахаар төлөвлөсөн бол үлдсэнийг нь авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаагаа НЗДТГ мэдээлж байв.
Нийтэлсэн огноо2024-11-22