“Түмэн шувуут” ХК: III улирлын байдлаар цэвэр ашиг 39 хувиар өсөж, ₮11.3 тэрбум хүрсэн www.bloombergtv.mn
Ж.Болд: "Түмэн шувуут-3 " төслийн бүтээн байгуулалт 75 хувьтай үргэлжилж байна
“Түмэн шувуут” ХК энэ оны III улирлын байдлаар борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсөж, 58.1 тэрбум төгрөг хүрснийг тайлагналаа. Цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өсөж, 11.3 тэрбум төгрөг болсон байна.
Тайлант хугацаанд тус компанийн үйлдвэрлэсэн болон борлуулсан өндөг 20 гаруй хувиар өсөж, 100 сая ширхэг давсан үзүүлэлттэй байна.
2024 онд жилийн эцсийн байдлаар үйлдвэрлэсэн өндөгний тоо нь 142 сая ширхэг хүрэхээр байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд мэдээллээ. Төлөвлөгөөний биелэлт нь 97 хувьтай байгааг онцолж байв. Мөн ирэх онд 180 сая ширхэг, 2026 онд 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр байгаагаа тодотголоо.
Тус компани 2024 онд “Түмэн шувуут-3” төсөлдөө төвлөрч байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нь 75 хувьтай үргэлжилж байгаа аж. Одоогоор тус аж ахуйд бойжих тахианы эхний ээлжийн үржлийн өндгийг инкубаторт дарж эхлээд байгаа талаар мэдээлсэн юм. Шинэ аж ахуй байгуулснаар дэгдээхэйн тоо толгой 300 мянга хүрч, жилд 230-250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэдгийг тайландаа онцолжээ.
“Түмэн шувуут” компанийн хувьцааны ханш 2024 он гарсаар 13.4 орчим хувиар өсөөд байна.
Тайлант хугацаанд “Топ-20” индекс 21.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2024 оны III улирлын байдлаар тус компанийн хувьцаа Монголын Хөрөнгийн биржээр идэвхтэй арилжигдсан 30 хувьцаанд багтаад байна. Дээрх хугацаанд 4.8 орчим сая ширхэг хувьцаа нь 1.6 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ.
Тус компанийн хувьцааны ханш 2019 оны хоёрдугаар сараас хойш буюу IPO хийснээс хойш 87.2 хувиар дээшилж, зах зээлийн үнэлгээ нь 74.7 тэрбум төгрөг хүрсэн байна.
Нийтэлсэн огноо2024-12-02