Хорвоог хэзээ орхихыг тань AI тооцоолно www.bloombergtv.mn
Хүн хэр удаан амьдрахыг зөгнөх нь мэргэч төлгөчдийн бус хиймэл оюуны хийдэг ажил болж хувирч байна
Саяхан танилцуулагдсан “Death Clock” хэмээх хиймэл оюунд суурилсан урт наслалтын судалгааны аппликэйшн нь төлбөрөө төлсөн хэрэглэгчдийн дунд хүчээ авч, долоодугаар сараас хойш нийт 125 мянган удаа татагдаад байгааг зах зээлийн судалгааны “Sensor Tower” фирм мэдээлжээ.
Нийт 53 сая орчим хүнийг хамруулсан дундаж наслалтын 1200 гаруй судалгааны датанд тус хиймэл оюуныг сургажээ. Энэхүү нүсэр бааз суурийг ашиглан хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, стрессийн түвшин, нойр зэрэг мэдээлэлд анализ хийснээр тус аппликэйшн хэрэглэгчийн нас барах магадлалтай он, сарыг урьдчилан тооцоолдог аж. Хэрэглэгчдэд үр дүнг нь танилцуулахдаа эрлэгийн элчийн зураг бүхий “салах ёс гүйцэтгэх хуудас” харуулдаг, жихүүдэс хүргэм өнгө төрхтэй ч гэсэн “Death Clock” амьдралын хэв маягаа эрүүл болгохоор зорьж буй хүмүүсийн дунд нэлээн нэр хүнд сайтай байгаа аж.
Үүнээс гадна наслалт тооцоолох энэ төрлийн технологи эдийн засгийн агуулгын хувьд ихээхэн ач холбогдолтой байх боломжтой юм. Дундаж наслалт нь Засгийн газрууд, компаниуд, хувь хүмүүст тэтгэврийн орлого, амь насны даатгалын бодлого, тэтгэврийн сан, санхүүгийн төлөвлөлт гээд санхүү, эдийн засгийн бүхий л тооцоололд нь ашиглагдах гол үзүүлэлт болдог аж.
Нийтэлсэн огноо2024-12-03