БНСУ-тай хамтран дрон нисгэгч операторуудыг сургана www.montsame.mn
Монголын Дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо, БНСУ-ын Дрон хөгжүүлэгчдийн холбоо хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
ЦХИХХЯ тус санамж бичгийн хүрээнд Монголд дронтой холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгоход хамтрах, энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, дроны технологи, ноу-хау, холбогдох мэдээллийг харилцан солилцоход бодлогын түвшинд дэмжиж ажиллана.
Газраас дрон хөгжүүлэхэд анхаарч, дроны тусгай бүс байгуулахаар болсон. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганаар Дроны хуулийг батлуулах, дрон нисгэх оператор бэлтгэх, сургах, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах, хүргэлтийн чиглэлд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичиг нь технологийн салбарт шинэ түүхийн хуудсыг эхлүүлж байна.
Мөн “Блью скай дрон”, “Сандори дрон” компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Монголд дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд БНСУ-ын технологийг нэвтрүүлэх юм.
Дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбооны УЗ-ийн дарга Б.Мөнхболор “Ирэх хавраас Монголын нөхцөлд тохирсон 5 төрлийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зайн сургалт, онцгой байдлын дрон үйлдвэрлэнэ. БНСУ-ын технологийн ноу хауг нэвтрүүлж, -25-35 хэмд ажиллах 20-30 кг даацтай дрон үйлдвэрлэхээр төлөвлөсөн”-ийг дурдав.
БНСУ-ын GCNC-ийн захирал Хонг Юн Гын “Хамгийн түрүүнд дроны эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Энэ чиглэлд туршлагаа хуваалцахад бэлэн, мөн дроны оператор бэлдэх, сургалт зохион байгуулахад хамтран ажиллана. Цаашлаад дрон үйлдвэрлэхэд технологийн шийдлүүдээ хуваалцана” хэмээжээ.
БНСУ-д 2023 оноос хүргэлтэд дрон нэвтрүүлж, 2.3 км зайд 7 минутад хүргэж байна. Тус улсаас дроны стратегийн 4 бодлогыг, дроны хүргэлтийн стратегийг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Түүнчлэн алслагдсан бүсэд усны түвшин нэмэгдсэн тохиолдолд 5кг ачааг хүргэдэг. Ингэхдээ хот доторх зам, маршрутыг тогтоож, нарийвчилж өгчээ. Хөдөө аж ахуйн салбарт 2 га газарт 28 минутад хор цацах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ мэт орчин үед дроныг тоглоомоос илүү мэргэжлийн түвшинд ашиглаж байгааг ЦХИХХЯ мэдээллээ.
Нийтэлсэн огноо2024-12-03