Зардлаа хэмнэж, үр ашигтай ажиллах үзүүлэлтүүдийг тогтоолоо www.news.mn
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар эрчим хүч үйлдвэрлэж буй 8 дулааны цахилгаан станцын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалт, цахилгаан дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг 18 компанийн дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах 2025 оны зорилтот түвшинг тогтоосон байна.
Тодруулбал төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудаас ирүүлсэн 2025 онд мөрдөж ажиллах зорилтод түвшингийн саналыг хянаж, түлшний зарцуулалтын хэмжээг цахилгаанд 1 кВт.ц тутамд 5.1 гр-аар, дулаанд 1 Гкал тутамд 1.2 кг-аар бууруулан 5,4 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолж шийдвэрлэжээ.
Харин дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хувь хэмжээг 28.5 сая кВт.цагаар бууруулсан байна. Ингэснээр төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 6.1 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцоолж байна.
Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хувь хэмжээг компаниудаас ирүүлсэн саналаас бууруулан нийт 25.5 сая кВт.цаг буюу 5.5 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргахаар алдагдалын хувь хэмжээг тогтоогоод байна.
Нийтэлсэн огноо2024-12-04