"Улсын хэмжээнд 5075 багш дутагдалтай байна" www.eagle.mn
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах "Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 30 хүртэл хүүхэдтэй бүлэг 42 хувь байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлөө тооцоод 35-39 хүүхэдтэй бүлэг хичээллэхийг хүлээн зөвшөөрч, 40-өөс дээш хүүхэдтэй бүлэг хичээллэхийг зогсоох ёстой юм. Энд хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа. Тэр байтугай 60 давсан хүүхэдтэй бүлэг 20 байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж буй энэхүү асуудлыг даруй хуульчилж шийдэх ёстой. 2015 оноос хойш төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо 23.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5075 багш дутагдалтай байгаа бөгөөд багшийн тоог нэмэгдүүлэх, боловсролын мэргэжил сонгон суралцагсдын болон төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай" гэв.
Нийтэлсэн огноо2024-12-18